dobu.mndobu

Ардчилсан коммунист 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-09

Ардчилсан коммунист 

УИХ-ын 126 гишүүнээ А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж, тухайн тойрогтоо хамгийн өндөр санал буюу 66.656 хүний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийг онцолж байна.

Төрийн өндөр босго анх давсан даруйд л УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд хэмээх хос морь хөлөглөсөн азтай нөхөр бол О.Алтангэрэл. Азтай ч юу байхав, арай жаахан өнгийгөөд харах юм бол “Женко” Х.Баттулгын квот гэдгийг хүн бүхэн мэдэж байсан биз. Тэр Төрийн өндөр босго алхаагүй, АН-ын дэд дарга гэх даржин сэтэртэй байх үеэс л “Манай нам авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ дэвшүүлэхгүй байх ёстой” хэмээн попорч, “Бид эхлээд өөрсдийнхөө буруу, муу муухайг хүлээн зөвшөөрчихөөд хүний итгэлийг даах тухай яримаар юм билээ” гэх мэтээр мандатын төлөө зүтгэсэн. 

Энэ мэт лоозонгийн чанартай байр суурь бол “Женко” ахынх нь түүхэн бэлдэц. Нөгөө талаар Х.Баттулгын бэлдэц нь юу хийхээ мэдэхгүй аргаа барж, фракц фракцын эрх ашгийг хэрхэн хангаж, өрөө хэрхэн, яаж төлөх вэ хэмээн толгой гудайн суусан АН-ын дарга асан Л.Гантөмөрт ихээхэн таалагдсан. 

Тиймээс хоёр талын нөлөөллөөр ямар ч асуудалгүй мандат авч, ялалт байгуулсан. Л.Гантөмөрт түүний удаа дараагийн лоозогнол таалагдсан хэвээр байсан тул Хууль зүй, дотоод хэргийн сайд хэмээн давхар дээл ч нөмөргөж байв. Тухайн үед Х.Баттулгад цагийн цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэх юун. Гэхдээ үнэнийг хэлэхэд тухайн үед АН дотор О.Алтангэрэлээс өөр сайд болчих хүн байгаагүй л дээ. Байгаагүй гэдэг нь Х.Тэмүүжингээс эхлээд байж болох ч урьд өмнө сайдын алба хашчихсан, МАН АН, гуравдагч гэлгүй холбоо сүлбээнээс гадна тохиролцоо хийгээд сурчихсан нөхөр. Хамгийн гол нь Л.Гантөмөрийн өөдөөс салаавч өгөх учраас гарын дор юм болохоор сайдын суудалд залсан болов уу. Х.Тэмүүжин нь Л.Гантөмөр байтугай “Женко”-д ч салаавч өгөхөөр пээдгэр болчихсон хүн. 

Тиймээс гэнэт хос морьтой болсон О.Алтангэрэл хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулчихсан. Ийм хуулиас МАН, АН-гүй л жийрхэнэ биз дээ. Хууль бус хөрөнгө хураалгахдаа тулбал өөрийнх нь нам л илүү жин дарна. Тиймээс нам дотор жиг жуг гэлцэж суухдаа хөөрхийд “Ардчилсан коммунист” хэмээх нэр хайрлаж байв. АН-ынхан “коммунист” гэх нэрийг үзэн ядуулахыг хүсдэгтээ тэр болов уу. Гэхдээ тэд коммунистуудтайгаа бүх цаг хугацаанд нэгэн хөнжилд явж ирсэн. Тухайн үед АН-ын хөрөнгөтнүүд, тэр тусмаа акулууд О.Алтангэрэлийн цаана Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ бий учраас энэ хоёр “Мангар бацаан” нийлэхээрээ яаж ч мэднэ гэж айсан л байх. Даанч удалгүй Л.Оюун-Эрдэнийн засаг ч уналаа, АН-ынхан Засгийн газрын хатавчнаас явчихсан. Ингээд О.Алтангэрэлийн хөрөнгө хураах талаар болсон. Уг нь засаг нь тогтвортой байж О.Алтангэрэл сайд хэвээрээ байж энэ хууль хэрэгжсэн бол парламент тэр чигээрээ шахам “модоо барих” байсан биз. Ихэнх нь хулгай луйврын замаар энэ өндөрлөгт хүрсэн хүмүүс шүү дээ. 

Түүнийг АН-ын бүлэгт олон жил хуульчаар ажилласан хэтэвч нимгэн, элдэв бизнесгүй ч чамгүй сайн хуульч гэж боддог хүн олон байсан. Гэтэл ядуугийн дүр эсгэдэг томоохон бизнесмен гэдгийг “ergelt.mn” сайтаас эрхлэн гаргасан “126” номонд дурдсанаар О.Алтангэрэлийн бизнесийн сүлжээ УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн эзэмшдэг Хөвсгөл аймгийн Овоот, Нүүрстэйн орд газартай холбогддог томорч харагдах байх. Тодотговол, О.Алтангэрэл ээж Ж.Оюунсайхантай хамтран “Легал групп” компани эзэшдэг байна. Үүнээс салбарласан чамгүй олон компани түүний хамааралд бий. Үүнийг багын найзууд нь эзэмшин үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ч дурджээ. Өөрөөр хэлбэл уул уурхайд түшиглэн Ц.Цэрэнпунцагаас эхтэй чамгүй бизнес эзэмшдэг тухай бичсэн байна лээ. Чухам хууль зөрчсөн эсэх тухай гэхээс хэн ч ямар ч бизнес эрхэлж болох учраас энд олон компанийн нэр бичээд яахав. 

Харин Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сөхвөл нийт орлого 278,486,210 төгрөг, өөрийн орлого 230,000,000 төгрөг, гэр бүлийн орлого 48,486,210 төгрөг, гурван тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой бол 886 саяар үнэлэгдэх зургаан ширхэг автомашинтай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн тухайд 80 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Насаараа шахам ялагдсан намд ажиллаж ирсэн гэхэд бас чиг хаанаас босгов гэмээр хөрөнгөтэй юм гээч. Тэгээд ч уул уурхайд далд бизнестэй нөхөд ч хөөрөхгүй л дээ. Яг л ийм эргэлзээтэй ч юм шиг мэдүүлэг л өгч таарна. 

Уг нь тэр 2016, 2020 онд Өвөрхангай аймагт нэр дэвшээд хоёр ч удаа өвдөглөчихсөн. Харин 2024 онд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэсэн нэгдүгээр тойрогт өрсөлдөж, ялалт байгуулахдаа бас чиг 65.925 хүний санал авчихсан. Энэ тойрогт АН давамгайлсан л даа. Тойрог гэснээс тэр Өвөрхангай аймгийн уугуул. Төрж өссөн нутагтаа Ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд дүүргэж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2003 онд Эрх зүйч мэргэжлээр, Хууль сахиулахын их сургуульд Эрх зүйн магистр, МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуульд Нийтийн удирдлагын магистр, одоо Дотоод хэргийн Их сургууль, докторантаар суралцаж байгаа гэх боловсролын намтартай. Боловсролын намтарт нь гадаадын элдэв сургуулийн нэр байхгүй. “Зөвхөн Монголдоо” бадарч яваа боломжийн хуулийн мэргэжилтэн. Харин 2001 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлагажигчаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтнаар морилж байж. Эндээс 2003 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицероор ажиллаж байгаад хувийн карьераа хөөсөн. 

Тухайлбал, 2006 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны сургалтын хорооны дарга, 2007 оноос Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн, 2009 оноос Хуулийн фирмийн захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН ялалт байгуулахад Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар төрийн албанд анх морилсон хүн. Тодотгож хэлбэл, Х.Тэмжүүжинг сайд байхад нь газрын даргаар ажилласан хүн. Хууль зүй, дотоод хэргийн яаманд удаагүй, 2013 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга, 2016 онд АН ялагдал хүлээхэд Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн, 2018 оноос АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллах болсон ч 2023 оны намын доторх үймээнээр АН-ын дэд даргаар төвд ирсэн улс төр, ажил амьдралын намтартай хүн. 

Өнөөдөр бол тэр УИХ дахь АН-ын бүлгийн сул гишүүн. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт эрх мэдэлд хүрвэл хөрөнгө хураах тухай хуулийн төслөө орхихгүй байх. Түүнээс АН олонх болсон ч тус хуулиас дөлж таарна. О.Алтангэрэлээс сонгогч олон энэ хуулийг л хүлээж байгаа. Түүнд нэг санаа өгөхөд айсуй 2028 оны сонгуулиар “Намайг сонгоод өгвөл хөрөнгө хураах хуулиа батлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүдийн гарыг мухарлаад өгнө” гээд явахад л сонгогдчихно. Өөр ямар ч суртал ухуулга хэрэггүй. 

С.Данзан

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.