0

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Багахангай дүүргийн малчин Б.Жаргалсайхан, гэргий Ц.Дуламсүрэн нар “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх хүндтэй шагнал хүртсэнийг УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, Багахангай дүүргийн удирдлагууд, Нийслэлийн ХХААГ-ын төлөөлөлтэй хамт гардуулан өглөө.
Улсын Аварга малчин Б.Жаргалсайхан нь Монгол улсын голомт нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бөгөөд 1989 оноос хойш малаа дөрвөн төрлөөр адгуулан маллаж яваа удам дамжсан малчин хүн.
Тэрээр гэргий Ц.Дуламсүрэнгийн хамт монголын эрс тэс цаг агаарт тэсвэртэй баянцагаан үүлдрийн хонийг Багахангай дүүрэгтээ нутагшуулан, өсгөн үржүүлж байна. Тэд мал сүргээ эрүүлжүүлэх, даатгалд хамруулах, орон нутгийн хэмжээнд зохион байгуулдаг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол идэвхтэй хамрагдаж малаа эрүүл сүрэг болгон өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч иржээ.
Б.Жаргалсайхан нь эхнэр Ц.Дуламсүрэнгийн хамтаар залуу малчдыг бэлтгэх, түүх өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарч 2021 оноос хойш гурван залуу малчныг малжуулан, мал маллах уламжлалт арга ухаанаа зааж сурган, үлгэрлэж явна.
Улсын аварга малчин Б.Жаргалсайханы гэр бүл нийгмийн хариуцлагын хүрээнд гүний худаг нэгийг гаргаж хуучин худаг, ус сэргээн засварлаж өөрийн болон ойролцоох айл өрхүүдийн малыг ундаалах боломжоор хангажээ.
Буянт сүргийнхээ үр шимийг хүртэж, хөдөлмөр хичээл зүтгэлээрээ манлайлж, Багахангай дүүргийн хоёр дахь УЛСЫН АВАРГА МАЛЧИН болсон Б.Жаргалсайхан, гэргий Ц.Дуламсүрэн түүний үр хүүхдүүдэд, арван сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн азай буурал ээж С.Дуламсүрэн гуайд болон төрөл төрөгсөд нутгийн зон олон та бүхэнд удахгүй болох сар шинийн мэндийг хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.