dobu.mndobu

Ч.Очирбат: XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил "залууст ээлтэй" жил гарна

Ч.Очирбат: XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил "залууст ээлтэй" жил гарна

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарахад долоо хоног үлджээ. Үүнтэй холбогдуулан зүг мөр гаргах болон энэ жилийн өнгө, засал номын талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа. 

-Энэ жилийн тухайд аль насны хүмүүст илүү ээлтэй жил гарч байна вэ?

-Хүний сайн сайхныг шороон үхрийн шинжээр шинжиж гаргадаг. Энэ жилийн хувьд залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд биеэ энхрийлүүштэй гэсэн шинжийн жил гарч байгаа. Өөрөөр хэлбэл, залуус гэдэг нь төрийн дунд, хөгшид гэдэг нь төрийн өндөр албан тушаалын хүмүүс, нялхас гэдэг нь эгэл ардыг хэлдэг.

-Энэ жилийн онцлог шинжээс хэлж өгөхгүй юу?

-Яг морь жил талаасаа өвчин зовлон, өлсгөлөнгүй, юм элбэг дэлгэрсэн сайхан жил гарна.

-Зүг мөр гаргахад юуг илүү анхаарах хэрэгтэй байна вэ?

-Шинийн нэгний өглөө монголчууд зүгээ гаргадаг. Тэгэхээр цог хийморийнхоо зүгээс гараад буян хишгийнхээ зүгээс ирдэг. Энэ жил юунаас гэмтэхээр байна гэдгээ харж байгаад хорлын зүгтээ цээрээ гаргаад, буян хишгийнхээ зүгээс ирдэг.

Энэ жилийн зүг дээр анхаарах зүйл нь “хар нохойн ам”  гэж ярьдаг. Тэгэхээр тийшээ шинийн нэгний өглөө зүглэдэггүй шүү дээ. Энэ жилийн "хар нохойн ам" нь урд зүгт байгаа. Аль суудал дээр, аль зүгт хийморийнх суудал таарч байна вэ гэхээр "хий" суудал дээр суусан хүмүүс урд зүгт хийморийнх нь зүг таарч байгаа. Тиймээс  зүүн зүг буюу эмийн зүг рүү гараад, зүүн урд зүгээс буюу буян хишгийнхээ зүгээс ирж байгаа. Ийм өөрчлөлт байгаа учраас тэр дээр анхаарах хэрэгтэй.

Зүгийн хамгийн сайн дээд зүг нь эмийн зүг гэж үздэг. "Хий" суудал дээр сууж байгаа хүмүүс л ийм байгаа. Бусад хүмүүс хүрээ, хийдийн календарь, Гандантэгчэнлин хийдийн гаргасан цаг тооны бичиг, сайт зэргээр тодорхой бүгдийг нь бичээд, зүг мөр гаргах тарниа 7-21 удаа уншаад, замдаа хорлынхоо зүгт цээрийг нь гаргаад, буян хишгийнхээ зүгээс ирнэ гэдгийг нь харж байгаад жилийнхээ зүг мөрийг гаргавал хүмүүст өөрт нь тустай.

-Жил нь орж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай гээд морь жилтэй хүмүүсийн жил нь орж байгаа. Энэ хүмүүст жилийн засал гэж тусдаа засал байдаг. Тэгэхээр тэр заслаа хийлгэх ёстой. Мөн энэ жил нэг цагаан мэнгэтэй хүмүүс нэг цагаан мэнгэнийхээ заслыг хийлгэх хэрэгтэй. 37 нас хүрч байгаа хүмүүс нэг цагаан мэнгэнийхээ заслыг хийлгэнэ. 1994 оны нохой жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 33 насны мөчлөг болж байгаа учир мөчлөгийн засал хийлгэх ёстой. Хулгана жилтэй хүмүүсийн их харш жил, тахиа, туулай жилтнүүдийн бага харш гарч байгаа. Мөн 9 насны хооронд хийдэг гүймгийн засал, мэнгэ голлож байгаа үед мэнгэний засал хийлгэх хэрэгтэй.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.