0

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Хургаагийн Энхбат, Дорждэрэмийн Батцэцэг нар “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол тэмдэгээ гардан авлаа.
Говийн их баялаг, тэмээний өлгий нутаг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Х.Энхбат нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт оруулсан онцгой хувь нэмэр, олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, үлгэр жишээ амжилтаараа Улсын "Аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Шагналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Аймгийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан, ИТХ-ын дарга Ц.Идэрзориг нар ёслол төгөлдөр гардуулан өгч, түүний амжилтад баяр хүргэв.
Х.Энхбат нь 23 жилийн турш мал маллаж буй туршлагатай, дадлагажсан малчин бөгөөд энэ хугацаанд мал сүргийн тоог тогтмол өсгөж, чанарыг сайжруулахад үлэмж хувь нэмэр оруулсан юм. Тэрээр 2014 онд "Мянгат малчин", 2019 онд "Аймгийн аварга малчин" болсноос хойш амжилтаа бататган, малаа тасралтгүй өсгөж ирсэн билээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг улс, орон нутгийн хэмжээнд өндрөөр үнэлж, 2015 онд ХХААХҮЯ-ны "Жуух бичиг", 2017 онд "Сумын аварга малчин", 2022 онд "Алтан төлийн эзэн", 2023 онд "Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан" зэрэг эрхэм шагналуудаар тус тус шагнасан. Мөн олон жилийн турш тэмээний баяр наадамд амжилттай оролцож, 2009 онд "Сүүтэй ингэ", 2010 онд "Сайхан тайлаг", 2012 онд "Сайхан буур" номинациудад тэргүүлж, 2017, 2018 онуудад мөн өндөр амжилтуудыг үзүүлсэн байна.
Малчин Х.Энхбат нь мал аж ахуйн амжилтаас гадна нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарладаг, орон нутгийнхаа хөгжилд идэвхтэй оролцдог үлгэр жишээ иргэн юм. Тэрээр сум орон нутгаас зохион байгуулагддаг овоо тахилга, тэмээний баяр, ботгоны баяр зэрэг арга хэмжээнд тогтмол оролцож, байр шагнал хүртэхийн зэрэгцээ сайн дураараа хандив өргөж, дэмжлэг үзүүлсээр иржээ.
Х.Энхбатын олон жилийн хөдөлмөр, амжилт, нийгмийн идэвхтэй оролцоо нь түүнийг Улсын "Аварга малчин" цолонд тодорхойлох бүрэн үндэслэл болж, өнөөдөр түүний хичээл зүтгэлийг үнэлсэн энэхүү эрхэм шагналыг гардууллаа.
Улсын аварга малчин болсон Х.Энхбат, Д.Батцэцэг нарт халуун баяр хүргэж, мал сүрэг нь арвижин өсөж, малч ухаан нь үе дамжин дэлгэрч, говь нутгийн буян хишиг арвин байхыг хүсэн ерөөе.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.