dobu.mndobu

Сэлэнгэ аймгийн Мандал сумын фермер М.Батболдын гэр бүл "Улсын аварга фермер" боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Сэлэнгэ аймгийн Мандал сумын фермер М.Батболдын гэр бүл "Улсын аварга фермер" боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг тогтвортой хангахад бодит хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Монхоодойн Батболд, гэргий Төмөрийн Одончимэг нарт “Улсын аварга фермер” цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардуулан өглөө.

М.Батболд 17 настайгаасаа трактор, комбайны жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, 1993 оноос газар тариалан, мал аж ахуйн салбарт 30 гаруй жил тууштай хөдөлмөрлөж байгаа Мандал сумын анхны фермерүүдийн нэг билээ. 

Тэрбээр аав, ээжээс 11-үүлээ. Түүний аав Монхоодой нь Монгол Улсын хошой аварга, ах М.Ганболд нь Улсын аварга тариаланч, дүү нар нь сум, аймгийн аварга малчид аж. 

М.Батболд малынхаа үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч, 2005 оноос сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр Талын улаан, Хар тарлан, Швицийн бор, Голштейн зэрэг өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг нутагшуулан үржүүлж байна. 

Нэг үнээнээс дунджаар 10-18 литр сүү саадаг. Өдөрт 500 орчим литр сүү, жилдээ 180 тонн сүүг “АПУ” компанид нийлүүлдэг. Энэ нь орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд сүүний хангамжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж байна.

Хөдөлмөр бүтээл, амжилт нь үргэлж дэлгэрч байх болтугай!

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.