0

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрөгч нэгдүгээр сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтад орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмснээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30% нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, Засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуйн нэгж хохирлоо.
Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсэж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан. Цагаан сарын буузны өмнөхөн.
Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатар-т хүргүүлээд нэг сар өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага тооцохын оронд “100 хоногт гарсан асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон.
100 хоногийн дараа зун болно, эрчим хүчний ачаалал буурна, асуудал намжсан мэт харагдана. Гэвч суурь шалтгаан нь шийдэгдэхгүй бол дараа жилийн идэр есийн хүйтэнд бид дахиад л эрчим хүчний хомстолд орж, хот даяараа хөлдөх эрсдэлтэй хэвээр үлдэнэ.
Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно. Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.