0

Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн тээврийн онгоц Боливийн нийслэл Ла Пазын ойролцоо осолдож, 22 хүн амиа алджээ. Ослын улмаас бэлэн мөнгө авах гэж оролдсон иргэд олноор цугларч, аврах ажиллагаанд саад учруулжээ.
Associated Press мэдээлснээр, өнгөрсөн сарын 27-ны өдрийн 18:15 цагийн орчимд Боливийн Агаарын цэргийн хүчний C-130 Hercules тээврийн онгоц Ла Пазын Эль-Альто нисэх онгоцны буудлын ойролцоо осолджээ. Уг онгоц газардах гэж байгаад онгоц нисэх зурвасаас гарч, авто замын хөдөлгөөнд саад учруулсан байна.
Ослын улмаас 22 хүн нас барж, 29 хүн гэмтжээ. Хохирогчдын ихэнх нь онгоцтой мөргөлдсөн машинуудын зорчигчид байжээ. Эрх баригчид хохирогчдын хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Ослын үеэр онгоц 17.1 сая шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан байна. Энэ явдлын улмаас мөнгөн дэвсгэртүүд салхинд хийсэж, олон зуун хүн бэлэн мөнгийг авахаар цугларчээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байршуулсан бичлэгүүдээс харахад ослын газар хүмүүс цугларч, онгоцны үлдэгдэл, гэмтсэн тээврийн хэрэгсэл, цогцос дундаас байгаа бэлэн мөнгө цуглуулахыг оролдож байв.
500 цэрэг, 100 цагдаагийн ажилтан нөхцөл байдлыг шийдвэрлэхээр хэргийн газарт ирж ажиллажээ. Цагдаа нар мөнгө цуглуулж байсан 12 хүнийг баривчилжээ.
Эрх баригчдын тооцоолсноор 30 орчим хувь буюу (5.13 сая мөнгөн дэвсгэрт) алдагдсан байна. Боливийн Төв банкны захирал Дэвид Эспиноза мэдэгдэлдээ "Баталгаажсан серийн дугаартай алдагдсан мөнгөн дэвсгэртийг хуурамч гэж үзнэ" гэж мэдэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.