0

Өмнөд Солонгост сурагчдын дунд гардаг дээрэлхэлт хэрээс хэтэрч Боловсролын яам болон тус улсын дээд боловсролын зөвлөлөөс өнгөрөгч 2023 онд дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ, сурагч ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа бусдыгаа дээрэлхэж, дарамтлах зэрэг ёс бус үйлдэл гаргавал үүнийг хувийн хэрэгт нь тэмдэглэж, улмаар их сургуульд элсэхэд нь нөлөөлдөг болгосон байна.
Тодруулбал, Шинэ журам энэ оноос хэрэгжиж буй бөгөөд их сургуулиуд оюутан элсүүлэхдээ заавал хувийн хэргийг нь харгалзаж үзэх ёстой болжээ. Хэрэв элсэгч дээрэлхэлтийн түүхтэй байвал тухайн сургууль өөрсдийн дүрэмдээ нийцүүлэн арга хэмжээ авах аж. Мөн тус улсад сургуулийн хүчирхийллийн түүхтэй бол элсэлтийн онооноос нь хасах журам үйлчилдэг юм.
Сонирхуулахад, 2025 онд Өмнөд Солонгосын үндэсний томоохон их сургуулиудад элсэн суралцах гэж байсан 45 сурагчийг сургуулийн хүчирхийлэл үйлдэж байснаас нь шалтгаалан хасаж байв. Сөүлийн Үндэсний их сургууль ийм шалтгаанаар хоёр элсэгчээс татгалзсан бол, Пусаны Үндэсний их сургууль 8, Канвоны Үндэсний их сургууль 5, Жонбук Үндэсний их сургууль 5, Гёнсаны Үндэсний их сургууль 3, Гёнбукын Үндэсний их сургууль 22 сурагчийг элсүүлэхээс татгалзаж байжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.