0

“New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 13–20-нд анх удаа зургаан үндсэн чиглэлээр зохион байгуулж байна. Тус хуралд нийт 400 орчим судалгааны бүтээлээс судалгааны үр дүн, шинэлэг санаа, практик ач холбогдлыг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлэх юм.
Монгол ардын намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн хурлын гол зорилго нь шинжлэх ухааны олон салбарын судалгааны бүтээлийг нэг дор хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, залуу үеийнхний мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулахад чиглэж байна. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг холбогдох салбарын яамдын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх боломжийг судлах юм.
Өнөөдөр улс орнуудын өрсөлдөх чадвар инновац, шинэ санаа, шинжлэх ухааны ололт амжилтаар тодорхойлогдож байна. Монгол Улсын хувьд шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, залуу үеийн судалгаа шинжилгээ хийх сонирхол, оролцоог дэмжих нь чухал ач холбогдолтой юм.
“New Normal 2026” эрдэм шинжилгээний хурлыг дараах зургаан үндсэн чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
• Эдийн засгийн хөгжил
• Инновац, хиймэл оюун
• Олон улсын харилцаа
• Анагаах ухаан
• Хот төлөвлөлт
• Хүнс, хөдөө аж ахуй
Оролцогчид судалгааны ажлаа тухайн чиглэлд нийцүүлэн хэлэлцүүлж, үр дүнгээ танилцуулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг “New Normal 2026” эрдэм шинжилгээний эмхэтгэлд нийтэлж, олон нийтэд хүргэх юм.
Эдийн засгийн салбар хуралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд: МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, доктор Б.Мөнхзаяа, МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Б.Ундрал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч, доктор Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяр нар ажиллаж байна.











Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.