0

Хаврын тэргүүн сараас өртөөлсөн улс төрийн үйл явдал дунд сард идэвхэж эхэллээ. Тэр тусмаа АН-ын дотоод сонгууль явагдаж, дундаа маргаантай байна. АН-ын хувьд дотооддоо зодоон өрнүүлж, хуучин удирдлага нь ялагдсан ч нөлөөгөө алдахгүйг хичээн, шинээр гарсан удирдлагууд өөрчлөлт хийхийг зорьж байгаа зэрэг нь дундын зөрчилдөөн үүсгэж байгааг эх сурвалж дуулгалаа. АН-ын шинэ удирдлагын баг сонгуульд ялахад хамаг анхаарлаа хандуулж байгаа бөгөөд анхан шатанд буюу аймаг орон нутагт үүрүүдийг шинэчилж, идэвхжүүлэх ажилдаа орсон.
Уг нь АН өнгөрөгч сонгуулиар Говийн бүсийн долоон мандатын тавыг авсан нь цэнхэр давамгайлж, улмаар ялах магадлал өндөр байгааг харуулсан хэрэг. Гагцхүү тус бүсэд Дорноговь аймгийн нам олон сонгуульд “хэвтээд” сурчихсан учраас огт ажиллаагүйг ярьцгааж байна. Тодотговол, тус аймгийн АН сонгууль болохоор л УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нөлөөнд байж сүүлийн олон жил АН-аас УИХ-д төлөөлөл бүү хэл орон нутгийн гишүүд дэмжигчдийн итгэл ч буурахад хүрчээ. Тиймээс тус аймгийн АН-ыг шинэчлэх шаардлага зүй ёсны хэрэг болсон. Өөрөөр хэлбэл энэ аймагт АН-ын удирдлагын багийг шинэчлэх шаардлагатай.
Тиймээс тус аймгийн АН-ын даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан зүтгэж байсан бол нэрээ татаж, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Алтангэрэл өрсөлдөх эрхээ авсан. Мөн Дорноговь аймгийн АН-ын дэд дарга Д.Бэхбат нэр дэвшин өрсөлдөх аж. Д.Алтангэрэлийн хувьд өнгөрөгч 2024 оны сонгуулиар Л.Мөнхбаясгаланд мандатаа алдсан учраас энэ удаад Л.Мөнхбаясгалан АН-ын даргаас нэрээ татаж, түүнд найр тавьсан бололтой. Харин УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Д.Бэхбатыг АН-ын даргад зүтгүүлж байгаа аж. АН-аас Дорноговь аймагт мандаттай эрхэм хоёр гишүүн өөрсдөө аймгийн АН-ын дарга болох биш, өөрсдийнхөө хүнийг томилчихоод зааж зурж байхаар төлөвлөсөн аж.
Энэ үеэр бусад сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан Б.Батбаяр, С.Бөххүү, Д.Гантогтох, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах нарыг аймгийн болон сумын намын хорооны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Учир нь тэд өнгөрөгч 2024 оны сонгуулиар өөр намын штабад ажиллаж, тэднийг дэмжсэн нь баримтаар нотлогдсон байна. Олны таамаглаж байгаагаас харвал эдгээр нөхдүүд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон “Үндэсний эвсэл”-ийн талд үйлчилсэн бололтой. Тиймээс эдгээр нөхдийг аль ч шатны сонгуульд бүртгэхгүй, улмаар намын гишүүнчлэлээс хасах тухай ярьж байгааг дуулгалаа.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.