0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байна.
Тодруулбал, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нарт холбогдох 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тэд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг өөрсдөө гүйцэтгэхээр гэрээ байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 100 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд холбогдсон байна.
Дээрх албан тушаалтнууд нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байсан цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн байхад улсын комиссоос ашиглалтад оруулах боломжгүй гэж дүгнэсэн ч гүйцэтгэлийн хяналт, баталгаажуулалтын комиссын эерэг дүгнэлт гаргуулж, улмаар ашиглалтад оруулах шийдвэрт оролцсон нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан 50 сая төгрөгийг бэлнээр, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг тус тус хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг тогтоосон байна.
Түүнчлэн уг хэргүүдэд холбогдох 100 сая төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд нөхөн төлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.