0

Туулын хурдны замаас эхлээд нийслэлд тулгамдсан олон асуудлаас үүдсэн маргаан ширүүхэн өрнөж байна. Туулын эрэг, гудамж талбайд иргэд нь ундны усаа хамгаалан тэмцэж, Төрийн ордонд Хотын орлогчоо УИХ-ын гишүүн нь мөргөн унагааж, Хотын дарга Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүдийг дуэльд дуудаж юм юм болж байна.
Гэтэл нийслэлчүүдийг төрд төлөөлж байгаа 45 төлөөлөгч нь чимээгүй сууж байгаагийн цаана Хотын даргаасаа албан тушаал авсандаа амаа үдүүлэн суугаа нь ойлгомжтой. Энд АН-аас иргэдээ төлөөлж байгаа гарын таван хуруунд багтах төлөөлөгчдийн хувьд эрх биш “амьсгаатай” дуугарч байгаа бололтой. Харин МАН-аас сонгогдсон 40 орчим төлөөлөгч чимээ үл гарган сууна.
Шуудхан хэлэхэд албан тушаалын бялуу хүртээсэн Х.Нямбаатар даргынхаа эсрэг үнэн зөвийг ялгаж салган, ажлаа хийж чадахгүй байна. Уг нь бол Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч бол Засаг даргаа томилдог, ажлыг нь хянаж дүгнэдэг, муу ажиллаж байгаа бол ажлаас нь буулгах дархан эрх бүхий хүмүүс. даанч МАН-ын 40 төлөөлөгч Засаг даргадаа базуулчихсан буруу зөв ч бай гөлгөнөж, иргэдээ төлөөлж чадахгүй сууна.
Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргын зөвлөхөөс эхлээд газар, агентлагийн дарга, төсөл хариуцсан удирдагч, төрийн өмчит үйлдвэрийн газруудад давхар ажиллаж, нийслэлчүүдээ бус хотын даргаа өмгөөлж суудаг болжээ. НИТХ-ын төлөөлөгч зөвхөн иргэдийн төлөөлөл гэсэн зарчимтай. Тэдний хувьд төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө авдаг, нийслэлийн төр захиргааны хувьд хамгийн дээд байгууллага.
Ийнхүү Засаг даргынхаа төслийг хаацайлж суугаа хэдэн төлөөлөгч дуугарах ч эрхгүй байгаа бол НИТХ-ын дарга А.Баяр ганцаараа Засаг даргаа сөрөн зогсож байгаа аж. Тиймээс Хотын дарга өөрийнх нь урдуур хөндөлсөж байгаа НИТХ-ын даргаа огцруулахаар Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн Б.Сэргэлэнбаатарын албан бланкан дээр гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Хотын даргын хувьд төлөөлөгчөө ихэнхийг нь базаж байгаагийн хувиар НИТХ-ын дарга А.Баярыгаа унагаах ажиллагаагаа эхлүүлсэн. Гэвч гарын үсэг цуглуулах ажил нэг л бүтэл муутай яваа сурагтай. АН-ын гишүүд хотын даргатайгаа хамтран ажиллаж чадахгүй гэдгээ ч илэрхийлээд байгаа. НИТХ-ын дарга А.Баяр нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн гэгдэх тул өстөн дайсныхаа хүнийг хамгийн түрүүнд зайлуулж байж л аливаа асуудлууд нь НИТХ дээр ногоон гэрлээр явах нягууртайг мань эр ч ойлгосон байх.
Иргэд, судлаачдын эсэргүүцэлтэй тулаад буй Туулын хурдны замын төслийг явуулахын тулд Нутгийн өөрөө удирдах байгууллагаа самарч байгааг үүнээс харж болно. Иргэд, олон нийт уг төслийг зогсоох ёстой хэмээн хүчтэй шүүмжилж байна. Гэхдээ энэ буруу тогтолцоо нь зөвхөн энэ төсөл ч бус хэтдээ төлөөлөгчдөө давхар албан тушаал өгдөг тогтолцоо хэвээр үргэлжилбэл нийслэлийн төсөв, стратегийн томоохон шийдвэрүүд хувийн ашиг сонирхлоор явах эрсдэлтэй юм.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.