dobu.mndobu

Сонсголд оролцогчдын сэтгэцийг шалгуулдаг болъё

Сонсголд оролцогчдын сэтгэцийг шалгуулдаг болъё

Монгол Улсын Их Хурал Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталснаас хойш нийгэмд анхаарал татсан олон асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж ирсэн. Тухайлбал, Хөгжлийн банкны зээлийн асуудал, нүүрсний олборлолт, экспорт, эмийн үнийн өсөлт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, төлбөр, татвар, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшуулалтай холбоотой сонсголуудыг дурдаж болно.

Эдгээр сонсголын үндсэн зорилго нь олон нийтийн анхаарал татсан асуудлыг ил тод болгох, холбогдох баримт, мэдээллийг нягтлах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, цаашлаад хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэнэ гэж байв.

Гэвч энэ долоо хоногт “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсгол олон нийтийн дунд эргэлзээ, бухимдал төрүүлсэн үйл явдал болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын зохион байгуулсан энэ удаагийн сонсгол баримт, нотолгоонд тулгуурлан асуудлыг тодруулах, үнэн мөнийг тогтоохоос илүүтэйгээр улс төрийн талцал, маргааны талбар болж хувиргасан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотойгоор 22 хүүхдийг шарж идсэн гэх мэт ноцтой боловч олон нийтийн хувьд бодит баримтаар нягтлах шаардлагатай мэдэгдлүүд яригдсан нь сонсголын агуулга, зохион байгуулалт ямархуу хэмжээнд байсныг харуулав.

Хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлаар зохион байгуулж буй сонсгол өөрөө хүний нэр төр, алдар хүнд, эрхийг хамгаалах зарчмыг чанд баримтлах ёстой. Хэн нэгний хэлсэн мэдэгдлийг нотлогдсон үнэн мэтээр олон нийтэд ойлгуулах, хангалттай баримтаар баталгаажаагүй мэдээллийг улс төрийн маргааны хэрэгсэл болгох нь нийгмийн итгэлцэлд сөргөөр нөлөөлнө. Төрийн ордонд өрнөж буй сонсгол бол хэн нэгнийг буруутгах, гутаан доромжлох тайз биш. Харин үнэн мөнийг баримтаар тогтоож, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хариуцлагатай үйл явц байх учиртай.

МАН доторх 30:38-ын талцал, хуваагдал, улс төрийн зөрчил нь тухайн намын дотоод асуудал байж болно. Харин Монголын төрийн институц, УИХ-ын үйл ажиллагаа намын дотоод тэмцлийн хэрэгсэл болж хувирах ёсгүй. Төрийн ордон бол аль нэг намын Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн тоглолт өрнүүлэх газар бус, нийт ард түмний эрх ашгийг төлөөлөх, хууль ёсны хяналтыг хэрэгжүүлэх үндсэн институц гэдгийг улстөрчид мартсан байна.

Үүнтэй агаар нэг шүүмжлэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын талаарх сонсголд ч хамаатай.

УИХ-ын гишүүн М.Мандхайн санаачилгаар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан уг сонсголын дараа үндэсний үйлдвэрлэгчдийн талаар нийгэмд сөрөг ойлголт бий болгов. Төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын зарцуулалтыг шалгах нь зүй ёсны асуудал. Төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, төрийн дэмжлэгтэй холбоотой аливаа эргэлзээг баримтаар нягталж, зөрчил гарсан бол хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хяналт шалгалт хийх, бүхэл бүтэн салбарын нэр хүндийг унагах хоёр тэс өөр зүйл.

Өнөөдөр дэлхийн улс орнууд дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлаа бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ажлын байр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Харин Монгол Улс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогынхоо хэрэгжилтийг ил тод, шударга шалгахын оронд тэднийг нийтээр нь гутаан доромжлох, нийгэмд жигшүүлэх уур амьсгал бүрдүүлж байгаа байж боломгүй асуудал юм.

Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх, ноолуур, ноос, арьс шир зэрэг түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх зорилготой “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зээл авсан компаниудын асуудлыг ч бодит нөхцөл байдалд тулгуурлан авч үзэх шаардлагатай. Зээл авсан гэдэг нь хууль бус үйлдэл хийсэн гэсэн үг биш. Арилжааны банкны шалгуураар зээл авч, гэрээний үүргээ биелүүлэн, төлбөрөө хуваарийн дагуу төлж байгаа аж ахуйн нэгжийг зөвхөн зээлийн хэмжээ, төрийн хөтөлбөрт хамрагдсан байдлаар нь буруутгаж болохгүй.

Харин зээл олгох явцад хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл төрийн дэмжлэгийг хууль бусаар авсан нь баримтаар тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын зорилго нь буруутан хайж, нийтээр нь жигшүүлэх бус, бодит зөрчлийг илрүүлэх ёстой байв.

Үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн зээл авдаг юм биш. Тэд ажлын байр бий болгож, малчдын түүхий эдийг худалдан авч, татвар төлж, дотоодын үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал оролцогчид. Тэдний үйл ажиллагаанд тавих хяналт чухал ч үндэслэлгүйгээр нэр хүндэд нь халдах, нийгмийн өмнө буруутан мэт харагдуулах нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн итгэлцэлд сөрөг үр дагавар авчирдаг. Компани, брэндийн нэг хүндийг унагах, бизнесийн гадаад түншүүдэд л найдваргүй харилцагч гэх итгэлийг үүсгэх эрсдэлтэй.

Нийтийн сонсгол нь хэн нэгнийг улс төрийн хувьд намнах, олон нийтийн өмнө гутаан доромжлох, эсвэл тодорхой салбарынхныг нийгмийн дайсан мэтээр харуулах хэрэгсэл болж болохгүй.

Тиймээс цаашид зохион байгуулах сонсгол бүрт тодорхой зорилго, нарийн тогтоосон асуудал, нотлох баримтад тулгуурласан хэлэлцүүлэг, оролцогчдын эрхийг хамгаалах баталгаа, бодит дүгнэлт, үр дүнтэй хяналт шаардлагатай. Сонсголд оролцож буй хүн бүрийн хэлсэн үгийг шууд үнэн гэж хүлээн авах бус, түүнийг нотлох баримтаар нягталж, холбогдох талуудад тайлбар өгөх боломж олгох нь зүй ёсны шаардлага байна. Оролцогчдын сэтгэцийг шалгуулаад оруулсан ч яадаг юм.

Эцсийн дүндээ сонсголын үнэ цэнэ нь хэчнээн хүнийг буруутгаж, хэр их шуугиан тарьснаар хэмжигдэхгүй. Харин ямар баримт ил болгосон, ямар зөрчлийг бодитоор тогтоосон, ямар хариуцлага тооцсон, цаашид ямар алдаа давтагдахаас сэргийлж чадсанаар хэмжигдэнэ.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.