dobu.mndobu

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын даргаасаа бууж “жинхэнэ иргэн” болно

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын даргаасаа бууж “жинхэнэ иргэн” болно

Нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох хурал удахгүй болох нь. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдан ийн тогтсон бүлгээ. Тэгэхээр хуулийн байгууллагад шалгагдахтай зэрэгцэн Канад улсыг зорьсон Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар “жинхэнэ иргэн” болох нь гарцаагүй. 

Ажлаа өгснөөсөө хойш тэрбээр харь улсыг зорьж алс газраас анд нөхөд, журмын найзууддаа хаягласан хатуу хөтүү үгийг илгээх болсон. Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ. Түүний баруун гар гэгдэх Т.Даваадалай 6.6 тэрбумыг угаасан гэх хэрэг шүүхэд шилжээд байгаа. 

Мөнгө мөртэй гэдэг учраас түүний багийнхнаас хэд хэдэн хүний зорчих эрхийг хязгаарлан хуулийн байгууллага шалган мухарлахаар ажиллаж байна. 

Ардчилсан намаас НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон О.Зундуйдорж “Х.Нямбаатарын хамаарал бүхий хүмүүс нийслэлд эзэн суусан. Төлөөлөгч нөхөр нь 198 тэрбум, эхнэр нь 5.3 тэрбумын тендерт шалгарч байна. Дүүгээ дарга болгодог” хэмээн улалзтал ярьж байх юм. Х.Нямбаатар ийм том болтлоо нийслэлд “хаан” болоод байлаа. 

2027, 2028 оны сонгуулиудад МАН амжилт үзүүлэх ёстой. Атал Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар харь оронд суух болсон тул энэ суудал удаан эзгүй байх учиргүй. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас аравдугаар сарын 16-ны дотор хурлаа товлох үүргийг өчигдөр өгөв. Х.Нямбаатарыг зайлуулахдаа бус Х.Нямбаатар өөрөө нийслэлийн намаа хаяж явсан тул ийнхүү эзэнжүүлэх шаардлага тулгараад байгаа. 

Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа 2023 онд 3 дугаар сарын 22-нд  "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцааж, АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож байгаад Монгол Улсад авч ирж шалгана хэмээн мэдэгдэж байлаа. МАН-ын хамгийн нөлөө бүхий “акул” гэгдэх Т.Бадамжунайг тэр өөрийн биеэр авч ирэн хуулийн байгууллагад гардуулж байсан. Гурван жилийн дараа тэр харин өөрөө шувуу болчихсон Канадад өвөлжих гэж байна. 

Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хурлын гол агуулга нь шинэ намын хорооны даргатай болох. МАН хоёр хуваагдаж талцсан өдрүүдэд шинэ даргаа сонгохоор болсон ч Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч нараас бусад нь Хотын дарга Б.Пүрэвдагвыг нийслэлийн МАН-ын хорооны даргад дэмжихээр санал нэгдээд байгаа гэх мэдээлэл бий. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.