0

Монгол телевизүүдийн эфирээс салдаггүй, “үзэгчдийн хүсэлтээр” хэдэн үе дамжин гарч буй тэр нэгэн кино бол “Эхнэрийн урхи” (Temptation of Wife) билээ.
Тэгвэл гол дүрийн бүсгүй болох Кү Үнжэгийн талаар сонирхолтой түүхийг хуваалцъя.
Кү үнжэ буюу Жан Сэ Хи (Jang Seo-hee) нь 1972 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн Жан Сэ Хи багаасаа камерын өмнө огтхон ч эмээдэггүй, тайван атлаа дотоод мэдрэмж ихтэй хүүхэд байсан гэдэг. Тэрбээр 9 настайдаа “Хөөрхөн хүүхэд” тэмцээнд түрүүлснээр урлагийн замнал нь эхэлж, үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад студийн гэрэл, камер, зураг авалтын талбай түүний өссөн орчин байжээ.
Хүүхдийн нэвтрүүлэг, зар сурталчилгаанд тоглож, олонд танигдсан ч насанд хүрэх үед жинхэнэ сорилт эхэлсэн байна. 1989 онд MBC телевизийн жүжигчний шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн карьераа эхлүүлсэн ч олон жилийн турш зөвхөн жижиг, туслах дүрүүдэд тоглож байв.
Тэр үеийнх нь амьдрал амар байгаагүй. Өдөржин зураг авалтад оролцоод ганц өгүүлбэр хэлэх, бүр заримдаа очиход нь дүрийг нь өөр хүнд өгчихсөн байх тохиолдол ч гардаг байжээ. Хамгийн хүнд нь бүтэлгүйтэл бус, харин өөрийгөө хэрэггүй хүн мэт” мэдрэмжийг олон жил тээж явсан талаараа хуваалцаж байжээ.
Түүний ярьснаар, MBC-ийн байрны доод давхрын нам гүм ариун цэврийн өрөөнд орж уйлдаг байсан өдрүүд цөөнгүй. Гэвч тэр бууж өгөлгүй, маргааш дахин зураг авалтын талбай дээр очиж, өөрийн боломжийг хүлээсээр байжээ.
Ийнхүү 20 гаруй жилийн хөдөлмөр, тэвчээрийн эцэст түүний амьдралд эргэлт иржээ. 2008 онд Эхнэрийн урхи олон ангит кинонд гол дүр бүтээж, жинхэнэ утгаараа алдар нэрд хүрчээ.
Түүний бүтээсэн Кү Үнжэгийн дүр нь зовлон, урвалт, өшөө авалт, дотоод хүчийг нэгтгэсэн онцгой дүр байсан бөгөөд үзэгчид зөвхөн зохиолыг бус, жүжигчний олон жилийн тэвчээр, мэдрэмжийг мэдэрч чадсан гэдэг. Тус кино өндөр рейтинг авч, Солонгос төдийгүй Ази даяар жинхэнэ “синдром” болж байв.
Үүний үр дүнд Жан Сэ Хи нь нэр хүндтэй шагналууд хүртэж, “өшөө авалтын драмын хатан” хэмээн нэрлэгдэх болсон юм. Тэрбээр Хятад болон бусад Азийн орнуудад уригдан ажиллаж, олон улсын хэмжээний од болж чаджээ.
Өдгөө 50 гаруй насандаа тэр уран бүтээлээ үргэлжлүүлж, залуу жүжигчдэд зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцсаар байна. Түүний амьдрал бол зүгээр нэг жүжигчний карьер биш, харин тэсвэр, хөдөлмөр, итгэлийн бодит жишээ юм.
Жан Сэ Хигийн түүх бидэнд нэг зүйлийг санагдуулам — амжилт бол гэнэт ирдэг зүйл биш, харин олон жилийн уйгагүй зүтгэлийн үр дүн байдаг гэдгийг харуулах тод жишээ билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.