0

Улаанбаатар хотод баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор Улсын комисс газар дээр нь ажиллаж, явцтай танилцаж байгаа юм.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан төслийн явцтай танилцах үеэр шинэ байгууламжийн хүчин чадлыг онцоллоо. Тус байгууламж нь хоногт 250,000 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Улаанбаатар хотын одоогийн дундаж хэрэглээ болох 180,000 м³-ээс өндөр үзүүлэлт юм.
Одоогоор хотод үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуйн нэгжийн 70–80 хувь нь бохир усаа төв цэвэрлэх системд нийлүүлдэг. Иймээс цаашид аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн үйлдвэр дотроо урьдчилсан цэвэрлэгээний байгууламжтай байх шаардлага тавьж, хяналтыг чангатгах чиглэлд ажиллаж байгаа аж.
Шинэ байгууламжийн нэг онцлог нь бохир ус цэвэрлэх явцад үүсэх лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлсэн явдал юм. Ингэснээр нийт эрчим хүчний хэрэгцээний 30–40 хувийг өөрөө хангах боломжтой болж, жилд 7–8 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоотой байна.
Төслийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт, хуучин төв цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж гүйцэтгэсэн.
Нийт санхүүжилт нь 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. Зээлийн нөхцөл нь 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй бөгөөд эхний 7 жилд үндсэн төлбөр төлөхгүй, 8 дахь жилээс төлөлт эхэлнэ.
.png)
Албаныхны мэдээлснээр, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх хүчин чадал нэмэгдэж, байгаль орчны ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.