0

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг "Улаанбаатар марафон" ирэх Бямба гарагт (2026.05.23) болно. Тус марафонд энэ жил 46,306 хүн оролцохоор бүртгүүлжээ.
Иргэд бүртгүүлэхдээ гүйх зайнаас хамаарч 5,000-90,000 төгрөгийн хураамж төлсөн. Гэтэл нэмж, нийслэлийн төсвөөс 900 сая төгрөг гаргаж буй талаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө мэдээллээ.
Албаны эх сурвалжаас авсан марафонд оролцогчдын мэдээлэлд тулгуурлан тоо бодож үзье.
-Бүтэн марафон буюу 42км 195м-ийн зайд 802 хүн бүртгүүлжээ. Энэ төрөлд оролцох нэг хүн 90,000 төгрөгийн хураамж төлсөн ба нийт 72 сая 180 мянган төгрөг болж байна.
-Хагас марафон буюу 21км 095м-ийн зайд 7,685 хүн бүртгүүлсэн байна. Энэ төрөлд нэг хүн 70,000 төгрөгийн хураамж төлсөн ба нийт 537 сая 950 мянган төгрөг болно.
-Спорт гүйлт буюу 10км-ийн зайд 7,110 хүн бүртгүүлсэн. Энэ төрөлд нэг хүн 50,000 төгрөг төлсөн ба нийт 355 сая 500 мянган төгрөг болж байна.
-Эрүүл мэндийн гүйлт буюу 5км-ийн зайд 23,178 хүн бүргүүлсэн. Энэ төрөлд нэг хүн 10,000 төгрөг төлсөн ба нийт 231 сая 780 мянган төгрөг болж байгаа юм.
-Гэр бүлийн гүйлт буюу 1.5км-ийн зайд 7,182 хүн гүйхээр бүртгүүлжээ. Энэ төрөлд нэг хүн 5,000 төгрөг төлсөн ба нийт 35 сая 910 мянган төгрөг болж байна. (Бүртгэлийн мөнгөн дүн тодорхой байгаагүй тул тусгай хэрэгцээт хүмүүсийн бүртгэлийг оролцуулахгүйгээр тооцов.)
Ийн бодоход марафонд оролцогчдоос ойролцоогоор 1 тэрбум 233 сая төгрөгийн хураамж авчээ. Гэтэл үүн дээр нэмээд нийслэлийн 2026 оны төсөвт 900 сая төгрөг тусгасан байгаа юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө "Хотын орлогчоор ажиллаж байх үедээ Нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй хэмээн “Улаанбаатар марафон”-ыг хувийн хэвшлийн залуусыг дэмжин өгч байв. Нөхдүүд номер зүүлгэж манийгаа нүдэх ажилд дэмнэсэн. Тэр ч миний буруу учир уучлал гуйж байсан. Энэ жил хотын төсөвт 900 сая төгрөг тавьсан байна лээ. Төр мөнгийг нь гаргаад, тэд харин ашиг шимийг нь авах уу. Энэ бол шударга бус. Үүнийг төр хувийн түншлэл гэхгүй" хэмээсэн юм.
Үндсэндээ, 2026 оны Улаанбаатар марафоныг 2 тэрбум орчим төгрөгөөр зохион байгуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.