dobu.mndobu

Пакистанд галт тэрэг дэлбэрч, 20 хүн амиа алджээ

Пакистанд галт тэрэг дэлбэрч, 20 хүн амиа алджээ

Пакистандын Белужистан мужийн нийслэл Кветта хотод цэргийн албан хаагчдыг тээвэрлэж явсан галт тэрэгний ойролцоо хүчтэй дэлбэрэлт болж, дор хаяж 20 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлт ням гарагийн өглөө Чаман Фатак өртөөнд галт тэрэг хөдөлж байх үед болсон бөгөөд гурван вагон болон хөдөлгүүр замаасаа гарч, хоёр вагон онхолдсон гэж төмөр замын албаныхан мэдээлжээ.

Албаныхны мэдээлснээр, уг галт тэргээр баярын үеэр гэртээ харихаар явж байсан цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн зорчиж байсан аж. Гэрчүүдийн хэлснээр тэсрэх бодис ачсан машин галт тэрэг рүү мөргөсний дараа хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох автомашинууд шатаж, барилга байгууламжууд ч эвдэрчээ.

Белужистан мужийн засгийн газар халдлагыг салан тусгаарлагч Белужистаны чөлөөлөх арми бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд уг этгээдүүд өмнө нь ч галт тэрэг болон аюулгүй байдлын хүчнийг онилсон халдлагуудын хариуцлагыг хүлээж байсан юм. Амиа алдагсдын дунд гурван цэрэг байсан бөгөөд нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэж албаныхан анхааруулжээ.

Шехбаз Шариф халдлагыг эрс буруушааж, “аймхай террорист үйлдэл Пакистаны ард түмний шийдэмгий байдлыг сулруулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн шархадсан хүмүүсийг эмчилж буй эмнэлгүүдэд онц байдал зарлажээ.

Белужистан муж нь Пакистаны хамгийн том муж бөгөөд байгалийн баялаг ихтэй бүс нутаг юм. Салан тусгаарлагч бүлэглэлүүд тус бүсийн ашигт малтмалын орлого орон нутгийн иргэдэд хүрдэггүй хэмээн төв засгийн газрыг буруутгаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус бүс нутагт хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн эрчимжээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.