0

Ирак дахь Ираныг дэмжигч Катаиб Хезболла (KH) бүлэглэлийн командлагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка (44)-ийг хөнөөхийг зорьсон тухай мэдээлэл гарчээ.
Нью Йорк Пост сонинд АНУ-ын прокурорууд энэ сарын 15-нд ялласан KH командлагч Мохаммед Бахер Саад Дауд аль-Саади (32) Иванкаг хөнөөх гэсэн нотлох баримт батлагдсан гэж мэдээлсэн. Аль-Саади 2020 оны 1-р сард АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтод Ираны Хувьсгалт Гвардийн Корпусын (IRGC) Кудс хүчний командлагч Касем Солеймани амиа алдсаны дараа Трампын гэр бүлийн эсрэг өшөө авалт төлөвлөж байсан нь мэдэгдэж байна.
Нью Йорк Пост сонинд мэдээлснээр, Аль-Саади Флорида дахь Иванкагийн гэрийн байршил, зохион байгуулалтыг агуулсан газрын зураг, зураг төслийг олж авсан байна. Тэрбээр мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "бидний өшөө авалт бол цаг хугацааны л асуудал" гэсэн утгатай мессеж нийтэлснээр заналхийллээ илэрхийлсэн байна. АНУ-ын прокурорууд Аль-Саади энэ онд АНУ болон Европт болсон 18 террорист халдлага, халдлага хийхийг завдсан гэж үзэж байна. Үүнд 3-р сард Бельги дэх еврейчүүдийн синагогт гарсан Молотовын коктейлийн халдлага, 4-р сард Лондон дахь еврейчүүдийг чиглэсэн хутгатай халдлага багтаж байгаа бололтой.
Аль-Саадиг 15-нд Туркт баривчилж, дараа нь АНУ-д шилжүүлэн өгсөн. Түүнийг тэсрэх бодис ашиглах хуйвалдаан, террорист байгууллагыг дэмжих зэрэг зургаан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд одоогоор Нью-Йоркийн Бруклин дэх шоронд хоригдож байна. АНУ-ын эрх баригчид энэ явдлыг Солейманиг устгасны дараа Ираныг дэмжигч хүчний хариу арга хэмжээ авах оролдлогуудын нэг гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтаа өргөжүүлж байгаа ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.