dobu.mndobu

Мэттью Перрид кетамин тарьж байсан хувийн туслах нь жүжигчний үхэлтэй холбоотойгоор 41 сарын хорих ял авлаа

Мэттью Перрид кетамин тарьж байсан хувийн туслах нь жүжигчний үхэлтэй холбоотойгоор 41 сарын хорих ял авлаа

“Friends” цувралын од Matthew Perry-гийн үхэлтэй холбоотой хэрэгт түүний хувийн туслах Кеннет Ивамаса 41 сарын хорих ял сонслоо.

60 настай Ивамаса нь Перрид кетамин тарьж өгсөн бөгөөд прокуроруудын мэдээлснээр тэрбээр хоёр эмчтэй хамтран жүжигчинд нас барахаас нь өмнөх хэдэн долоо хоногийн хугацаанд 50 мянган ам.долларын кетамин судсаар хийсэн бөгөөд эмнэлгийн ямар ч мэргэжлийн боловсролгүй байжээ.

Кетамин нь эмнэлгийн салбарт мэдээ алдуулах зориулалтаар хэрэглэдэг хүчтэй үйлчилгээтэй бодис бөгөөд сүүлийн жилүүдэд мансууруулах зорилгоор хууль бусаар хэрэглэх тохиолдол нэмэгдсэн байна. Хэт өндөр тунгаар хэрэглэвэл ухаан алдах, амьсгал удаашрах, зүрхний үйл ажиллагаа доголдох зэрэг аюултай нөлөө үзүүлдэг аж.

Мэттью Перри 2023 оны аравдугаар сард Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан байдалтай олдсон юм. Ивамаса 2024 оны наймдугаар сард “үхэлд хүргэсэн кетамин тараах хуйвалдаанд оролцсон” гэх хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд 15 хүртэл жилийн хорих ял авах эрсдэлтэй байсан ч шүүхээс түүнд 41 сарын хорих ял, хоёр жилийн хяналттай суллагдах хугацаа болон 10 мянган ам.долларын торгууль ногдуулжээ. Тэрбээр ирэх долдугаар сарын 17-нд хорих ангид очихоор болсон байна.

Шүүх хурлын үеэр Ивамаса Перригийн гэр бүлийнхнээс уучлал хүсэж, хийсэн үйлдэлдээ насан туршдаа харамсах болно гэдгээ хэлжээ.

Шүүгч Шерилин Пийс Гарнетт Ивамаса Перригийн донтолтын асуудлыг сайн мэдэж байсан атлаа түүнийг хамгаалахын оронд кетамин хэрэглэсээр байхад нь тусалсан гэж онцолсон байна. Мөн Перри нас барсан өдөр өндөр тунгийн кетамин тарьчихаад ганцааранг нь орхисон, дараа нь нотлох баримт устгахыг оролдож, цагдаад худал мэдүүлэг өгсөн гэжээ.

Перригийн гэр бүлийнхэн Ивамасаг хатуу шийтгэхийг хүссэн байна. Түүний эгч Кэйтлин Моррисон “Би Кенни Ивамасад ямар ч өрөвдөх сэтгэлгүй” хэмээн захидалдаа бичжээ. Харин ээж Сюзанн Моррисон түүнийг хүүгийнх нь донтолттой тэмцэхэд туслах ёстой байсан ч эсрэгээрээ хар тамхины хэрэглээнд нь тусалсан гэж буруутгасан байна.

Ивамаса Перрид олон удаа кетамин тарьсан, тэр дундаа нас барсан өдөр нь ч хэд хэдэн удаа тарилга хийснээ хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр жүжигчний үхэл кетамины хурц нөлөөнөөс болсон бөгөөд живэлт хавсарсан шалтгаан болсон гэжээ.

Хэрэгт холбогдсон бусад хүмүүсийн хувьд “Ketamine Queen” хочит Жасвин Санга 15 жилийн хорих ял авч, эмч Сальвадор Пласенсиа 30 сарын хорих ял сонссон байна. Мөн эмч Марк Чавес найман сарын гэрийн хорио болон гурван жилийн хяналттай суллагдах ял авчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.