0

Өмнөд Солонгосын алдарт дуучин, рэппер Psy буюу Пак Жэ Сан сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар бусдаар дамжуулан авсан байж болзошгүй хэрэгт холбогдон прокурорын байгууллагад шилжжээ.
Сөүлийн Содэмүн дүүргийн Цагдаагийн газрын мэдээлснээр Psy нь 2022-2025 оны хооронд Сөүл хотын нэгэн их сургуулийн эмнэлгээс алсын зайн буюу биечлэн үзлэгт хамрагдахгүйгээр эмийн жор бичүүлж, менежер болон бусад хүмүүсээр дамжуулан Xanax, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмээ авч байсан гэж үзжээ.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн баасан гарагт Psy, түүний менежер болон уг эмийн жорыг бичиж өгсөн эмч зэрэг нийт зургаан хүнийг Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр прокурорт шилжүүлжээ.
Өмнөд Солонгосын хуульд зааснаар эмчийн үзлэгт орсон өвчтөн өөрөө жортой эмээ авах ёстой бөгөөд гуравдагч этгээдээр дамжуулан авахыг хориглодог. Хууль зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл 10 сая воны (ойролцоогоор 6,590 ам.доллар) торгууль ногдуулах боломжтой юм.
Хэрэгт дурдагдсан Xanax болон Stilnox нь нойргүйдэл, түгшүүрийн эмгэг, сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг сэтгэцэд нөлөөт эмүүд бөгөөд донтох эрсдэл өндөртэйд тооцогддог. Иймээс эдгээр эмийг зөвхөн биечлэн үзлэг хийсний дараа жороор олгох журам үйлчилдэг байна.
Psy-ийн үүсгэн байгуулсан энтертайнмент компани P Nation мэдэгдэл гаргаж, "Нойрны эмийг бусдаар дамжуулан авсан гэх асуудалтай холбоотой цагдаагийн мөрдөн шалгалт дууссан. Цаашид прокурорын байгууллагаас явуулах аливаа мөрдөн шалгалттай бид идэвхтэй хамтран ажиллах болно" гэжээ.
Одоогоор прокурорын байгууллага хэргийг хянан шалгаж байгаа бөгөөд Psy болон бусад холбогдогчдын буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.