0

Филиппиний өмнөд хэсэгт өнөөдөр /2026.06.08/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрч, 129 хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээллээ.
Газар хөдлөлт өглөө 07:37 цагт Минданао арлын өмнөд эрэг орчимд болсон бөгөөд голомт нь Генерал Сантос хотын ойролцоо байжээ. Филиппиний Галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна.
Ослын улмаас олон арван барилга, худалдааны төвүүд нурж сүйдсэн бөгөөд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Газар хөдлөлтийн дараа Филиппин болон бүс нутгийн хэд хэдэн улс болох Индонез, Япон, Австрали цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ.
Филиппиний эрэг орчимд 3 см-ээс 0.8 метр хүртэлх давалгаа бүртгэгдсэн байна.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр. холбогдох бүх байгууллагад яаралтай арга хэмжээ авах үүрэг өгч, иргэдийг нэн даруй өндөрлөг газар руу нүүхийг уриалсан байна.
Эрх баригчид мөн эргийн бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсаар байгаа бөгөөд Генерал Сантос хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Филиппин нь Номхон далайн “Галт цагираг”-т оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвх өндөртэй бүс нутаг бөгөөд энэ төрлийн хүчтэй чичирхийлэл тогтмол тохиолддог юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.