dobu.mndobu

Нэгэн цагт элитүүдийн урлаг байсан балет Солонгосын залуусын шинэ амьдралын хэв маяг болж байна

Нэгэн цагт элитүүдийн урлаг байсан балет Солонгосын залуусын шинэ амьдралын хэв маяг болж байна

Нэгэн цагт зөвхөн мэргэжлийн уран бүтээлчдийн урлаг гэж тооцогддог байсан балет өнөөдөр Өмнөд Солонгосын 20-30 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн эрэлттэй хобби, амьдралын хэв маягийн нэг болж байна.

Дуучин, жүжигчин Бэ Сүзи, Сохён, Сон На Ын зэрэг алдартнууд сүүлийн үед балетаар хичээллэх болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэд сошиал хуудсаараа дамжуулан бэлтгэлийнхээ зургуудыг тогтмол хуваалцаж, балетын ач тусын талаар ярьдаг.

Өнгөрсөн жилээс балетаар хичээллэж эхэлсэн Бэ Сүзи "Балетын хөдөлгөөнүүд маш дэгжин бөгөөд биеийн зөв галбирыг тодотгодог. Эрүүл мэндэд маш их тустай санагддаг учраас үнэхээр дуртай болсон" хэмээн ярьжээ.

Солонгост балетын хичээлүүдийн эрэлт эрс нэмэгдэж, Сөүл хот даяар насанд хүрэгчдэд зориулсан ангиуд өргөжин тэлж байна. Үүнтэй зэрэгцэн "балеткор" (balletcore) гэх загварын чиг хандлага хүчээ авч, балетын трико, ороолт банзал, хөлийн дулаалга зэрэг хувцас өдөр тутмын загварт нэвтэрчээ.

Солонгосын Балетын фестивалийн уран сайхны удирдагч, алдарт балетчин Ким Жү Вон балетын эрэлт өсөж буйг хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг болон урлагийн сонирхол нэмэгдэж байгаатай холбон тайлбарлав.

Түүний хэлснээр телевизийн бүжгийн шоунууд, олон улсад амжилт гаргаж буй солонгос балетчид болон алдартнуудын нөлөө балетыг олон нийтэд улам ойртуулжээ.

Гэвч балетын үнэ цэнэ зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй. Энэ нь хөгжим, урлаг, өөрийгөө илэрхийлэх боломжийг нэг дор багтаадаг онцлогтой аж.

"Балетаар хичээллэх хугацаанд хүн зөвхөн өөртөө төвлөрдөг. Өөрийгөө илүү сайн ойлгож, дотоод тайвшралыг мэдэрдэг нь хамгийн том давуу тал" гэж Ким Жү Вон онцолжээ.

Зургаан жилийн турш балетаар хичээллэж буй оффисын ажилтан Ким Хе Лин ч мөн адил энэ үзэлтэй санал нийлдэг байна.

"Өдөржин ажил, харилцаанд анхаарлаа хандуулдаг ч балетын танхимд орж толины өмнө зогсоход зөвхөн өөртэйгөө үлддэг. Хөгжимдөө автаж, биеийнхээ хөдөлгөөн бүрийг мэдрэх тэр мөч үнэхээр үнэ цэнтэй" хэмээн тэр ярьжээ.

Харин түүний найз Пак Чу Хи балетыг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх урлаг гэж тодорхойлсон байна.

"Балет бол зүгээр нэг дасгал биш. Энэ бол хөдөлгөөнөөр дамжуулан мэдрэмжээ илэрхийлэх урлаг. Хүн бүрийн дотор хөгжим байдаг бөгөөд балет түүнийг илэрхийлэх боломж олгодог" гэж тэр хэлжээ.

Балет гаднаасаа хөнгөн, дэгжин харагддаг ч үнэндээ маш их тэсвэр, хүч шаарддаг спорт юм. Сөүлийн Урлагийн төвөөс зохион байгуулсан "Grand Ballet Day" хөтөлбөрийн бүртгэл нээгдсэн даруйдаа нэг минут хүрэхгүй хугацаанд бүх суудал дүүрсэн нь энэхүү урлагийн нэр хүнд хэрхэн өссөнийг харуулжээ.

Балетаар найман сарын өмнөөс хичээллэж эхэлсэн 28 настай Пак Хи Сү анх биеийн байрлалаа засах зорилгоор элссэн байна.

"Өдөржин компьютерийн өмнө суудаг болохоор хүзүү, мөр, нуруунд ачаалал их өгдөг байсан. Балет бол бүх биеийг ажиллуулдаг дасгал гэдгийг ойлгосон. Өөрчлөлт удаан ч гэсэн мэдэгддэг бөгөөд энэ нь намайг үргэлжлүүлэн хичээллэхэд урам өгдөг" гэж ярьжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар балетын эрэлт өсөж байгаа нь хүмүүс өөрийгөө илэрхийлэх, сэтгэл санааны амар амгаланг олох шинэ арга зам хайж байгаатай холбоотой аж.

"Орчин үеийн хүмүүс оюун санаа, бие махбодын хувьд ихээхэн ядаргаанд ордог болсон. Харин балет нь өөртэйгөө дахин холбогдох, тайвшрах орон зайг бий болгож өгдөг" гэж Солонгосын Балетын фестивалийн ерөнхий нарийн бичгийн дарга Им Со Ён хэлжээ.

Ийнхүү нэгэн цагт элит урлаг гэж тооцогдож байсан балет өнөөдөр Солонгосын залуусын хувьд эрүүл мэндээ хамгаалах, стрессээ тайлах, өөрийгөө илэрхийлэх хамгийн түгээмэл сонголтуудын нэг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.