0

Instagram, Messenger зэрэг сошиал платформуудад томоохон доголдол үүсч, олон хэрэглэгч аккаунтаасаа гэнэт гарч, дахин нэвтэрч чадахгүй болох, мэдээллийн урсгал ачааллахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарсан юм.
Энэ талаар Олон улсын цахим үйлчилгээний доголдлыг хянадаг Downdetector платформын мэдээлснээр Facebook-тэй холбоотой 100 мянга гаруй гомдол богино хугацаанд бүртгэгдсэн бол Instagram үйлчилгээний талаар 10 мянга орчим хэрэглэгч асуудал мэдээлсэн байна. Мөн Messenger болон Threads платформын үйл ажиллагаанд саатал үүссэн талаар хэрэглэгчид мэдээлжээ.
Доголдол үүссэний дараа Meta компанийн харилцаа холбооны захирал Энди Стоун өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хэрэглэгчид манай үйлчилгээнд хандахад хүндрэл үүссэнийг мэдэж байгаа бөгөөд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тус саатал нь Европ, Ази, Хойд Америк зэрэг олон бүс нутгийн хэрэглэгчдэд зэрэг нөлөөлсөн бөгөөд зарим хэрэглэгчийн хувьд нэвтрэх эрхийн мэдээлэл алдагдсан нь цахим халдлагын талаарх болгоомжлолыг үүсгээд байв. Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар энэ төрлийн асуудал нь ихэвчлэн серверийн тохиргоо, сүлжээний дотоод алдаа эсвэл техникийн шинэчлэлтэй холбоотой байдаг аж.
Хэдэн цагийн дараа үйлчилгээ аажмаар хэвийн болж эхэлсэн бөгөөд ихэнх хэрэглэгчид платформуудаа хэвийн ашиглах боломжтой болсон байна.
Одоогоор доголдол чухам ямар шалтгаанаас үүдэлтэй байсан талаар Meta компани албан ёсны дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа ч инженерүүд асуудлыг бүрэн шалгаж, дүн шинжилгээ хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Meta компанийн платформуудад хэд хэдэн удаа ижил төрлийн томоохон доголдол бүртгэгдэж байсан бөгөөд ийм саатлууд нь дэлхий даяарх хэрэглэгчид төдийгүй цахим худалдаа, мэдээллийн хэрэгсэл, бизнесийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.