0

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй.
Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
“Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.
Сануулахад, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан юм. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.