dobu.mndobu

Увс, Завхан, Хөвсгөл аймагт сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна

Увс, Завхан, Хөвсгөл аймагт сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна

Увс, Завхан, Хөвсгөл аймагт нийт гурван иргэн сураггүй болж, Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд болон ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газарт малчин, 26 настай эмэгтэй А аравдугаар сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчим малаа хайхаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авсан бөгөөд эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 16-ны шөнийн 01:16 цагаас эхлүүлсэн байна. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг аж.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт ажиллахаар очсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 54 настай эрэгтэй О аравдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчим явганаар гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас аравдугаар сарын 22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан байна.

Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс болон цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг хайхаар очиж, Их-Уул сум руу явах зам дагуух айл өрхүүд, Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дугантын хясаа”, “Доод харгана” зэрэг газарт эрлийн ажиллагаа явуулжээ. Мөн дөрвөн айлын намаржаа, зуслан болон хоёр амралтын газрыг шалгаж, нийт зургаан цаг 20 минут эрэн хайсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 19:20 цагт ажиллагааг түр зогсоосон байна.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн “Хашигийн бригад” гэдэг газарт мод бэлтгэхээр очсон Түнэл сумын харьяат, 46 настай эрэгтэй А мөн сураггүй болжээ. Тэрбээр есдүгээр сарын 18-ны өдөр “Цадигийн рашаан” гэдэг газар руу рашаан уухаар явганаар гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон байна.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнээс нь аравдугаар сарын 24-ний өдрийн 10:30 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргажээ.

Үүний дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, цагдаагийн байгууллага, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги болон нутгийн иргэд хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийг “Зүүн голын-Эх” гэдэг газраас эхлүүлж, “Улиадын-Ам” хүртэл 13 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 18:30 цагт түр зогсоожээ.

Одоогоор дээрх гурван иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд цаашдын ажиллагааны явц, үр дүн тодорхойгүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.