0

Шинжлэх ухаанд шинээр бүртгэгдсэн загасны ШИНЭ төрөлд BLACKPINK хамтлагийн гишүүн Женнигийн нэрийг өгчээ.
Өмнөд Хятадын Сувдан мөрний цутгал орчмын мангровын намгархаг бүсээс илрүүлсэн уг загасыг "Brachygobius jennie" буюу "Женнигийн зөгий говь" хэмээн нэрлэсэн байна. Энэхүү загасыг анх илрүүлсэн магистрын оюутан Тянь Жяньянь судалгааны ажлаа хийх хугацаанд Женнигийн дуу хөгжим түүнд урам зориг өгдөг байсан тул ийнхүү нэрлэхээр шийджээ.
Судлаачид уг загасны биеийн онцлог болон ДНХ-г бусад мэдэгдэж буй төрлүүдтэй харьцуулан шинжилсний үр дүнд шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй шинэ төрөл болохыг тогтоожээ.
9 миллиметр хүрэхгүй урттай Brachygobius jennie нь өөрийн төрөл дундаа хамгийн жижигд тооцогдохоос гадна Хятадад бүртгэгдсэн хамгийн жижиг загас байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Мөн дэлхий дээрх хамгийн жижиг загаснуудын нэгээр нэрлэгдэж байгаа аж.
Судлаачдын үзэж буйгаар энэхүү загас нь сээр нуруутан амьтдын биеийн хэмжээний хамгийн доод хязгаарыг судлахад чухал ач холбогдолтой загвар организм болж болох юм.
Женни нь шинжлэх ухааны шинэ нээлтэд нэрээ өгсөн BLACKPINK хамтлагийн анхны гишүүн биш юм. Өмнө нь 2023 онд Тайландын судлаачид ховор, устах аюулд орсон нэгэн цэцгийг хамтлагийн өөр нэг гишүүн Лисагийн нэрээр нэрлэж байжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.