dobu.mndobu

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, ажлын хэсэг байгууллаа

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлогыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг нь хөрөнгө оруулагчдад төслийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, санал авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, ирүүлсэн саналуудыг Засгийн газар болон Улсын Их Хуралд танилцуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-ний өдөр зарлахаар шийдвэрлэжээ.

Бортээгийн орд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг хэсэг бөгөөд Цанхи, Бортолгой, Ончхараат зэрэг ордуудтай хамт багтдаг. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэлийг 2020 онд боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн бөгөөд баталгаажуулах ТЭЗҮ-ийг 2026 оны эхний улиралд дуусгахаар ажиллаж байна.

Дэлхийн нүүрсний зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж, БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэн, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай холбоотойгоор 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ буурах эрсдэл нэмэгдэж байгаа юм. Иймээс олон улс нүүрсний ордуудаа ойрын жилүүдэд эдийн засгийн эргэлтэд үе шаттайгаар оруулж, экспортын боломжоо бүрэн ашиглах бодлого баримталж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагчдын саналыг ил тод, нээлттэй хэлбэрээр авах, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улсад үлдээх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дэмжих, бүх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах зарчмыг баримтална.

Төслийг хэрэгжүүлснээр байгалийн баялгийн үр өгөөж иргэдэд илүү хүртээмжтэй болж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгө нэмэгдэн, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын боломж өргөжинө гэж үзэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.