dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тус компанийн хэрэгжүүлсэн 12.6 км урт нүүрс тээврийн конвейерийн байгууламжийг 14 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь нүүрс баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах чухал нөхцөл бүрдүүлж байна.

Конвейерийн систем ашиглалтад орсноор:

  • тээвэрлэлтийн үеийн тоосжилт 80 хувиар буурах,
  • авто тээвэртэй холбоотой осол, эрсдэл бүрэн буурах,
  • нүүрсийг сорчлон олборлохгүйгээр ордын нөөцийг бүрэн ашиглаж экспортлох боломж нэмэгдэх,
  • жилд 10 сая тонн нүүрсийг авто тээврээр тээвэрлэх зардал 78 хувиар буурч, дунджаар 267.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болох боломжтой юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад өнгөрсөн оны долдугаар сард олон улсын нүүрсний зах зээлийн нөхцөл болон бусад шалтгаанаар саатсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүний үр дүнд 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан борлуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд нийт 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.8 сая тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын нийт экспортын 32 хувийг бүрдүүлсэн үзүүлэлт болжээ.

Мөн 2026 онд тус компани 19 удаагийн биржийн арилжаа амжилттай зохион байгуулж, нийт 121.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.4 сая тонн нүүрс борлуулсан байна. Түүнчлэн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон томоохон нүүрсний худалдааны боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамаарах байдлыг бууруулж, экспортын зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд компанийн удирдлагуудад компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэх, гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулах, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх, ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл” байгуулах зэрэг чиглэл өглөө.

Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашиггүй зардлыг бууруулах, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.