dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны үйл ажиллагааны тайланг сэтгүүлчдэд танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны үйл ажиллагааны тайланг сэтгүүлчдэд танилцууллаа

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөө болон хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.

Тус компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, нийт 1.7 тэрбум ам.долларын орлого олж, Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлэн ажилласан байна.

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал хүндрэлтэй, үнэ буурсан хэдий ч борлуулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлж, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулсны үр дүнд компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Мөн компанийн зүгээс Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ажиллаж байна.

2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, нүүрс тээврийн конвейер зэрэг төслүүдийг ашиглалтад орууллаа.

Эдгээр бүтээн байгуулалт нь ордын нөөц баялгийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулах, нийт 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.