dobu.mndobu

Сонголт тодорхой, бидэнд ухрах зам байхгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-14

Сонголт тодорхой, бидэнд ухрах зам байхгүй

Монгол Улс баялаггүй биш баялагтай. Нүүрс, зэс, алтны арвин нөөцтэй. Түүнийгээ Төрийн хувь эзэмших замаар ашигладаг. АМНАТ-аас эхлээд хэд хэдэн татварын орлогоор төсөвт төвлөрүүлдэг, тэгээд иргэддээ тараадаг. Ногдол ашиг гэхээсээ халамжийн хэлбэрээр. Тэр нь хавтгайрсан. Аль 2011 оноос, Сү.Батболдын Засгийн газрын үед “Эх орон” нэрийн дор иргэддээ хувь хишиг хүртээж, тарааж эхэлсэн цаг үеэс.

Үр дүнд нь улсаараа хожсон уу гэвэл үгүй. “Азийн бар” болох хэмжээнд эдийн засаг нь өсөж, хөрөнгө оруулагчдыг дугаарлуулж явсан Монгол Улс хэдхэн жилийн хугацаанд эдийн засаг нь элгээрээ хэвтэж эрчимт эмчилгээний тасагт шилжиж, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсон нь саяхны түүх. Үндсэндээ халамжийг хавтгайруулж олгох, ирээдүйгээсээ олох орлогоор барьцаалж иргэддээ мөнгө тараахыг уршгийг нэг хэсэг улстөрч бус нийтээрээ монголчууд ойлгосон. Үнэхээр ой санамж гэж байдаг бол шүү дээ.

Харамсалтай нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, стратегийн ач холбогдолтой ордуудаас төвлөрүүлэх ногдол ашгийн сургаар “бэлэн мөнгө авъя" гэж орилж суудаг популизм Монголын парламентаас хараахан явсангүй. Нас нь, зүс нь, нам нь өөрчлөгдөж, залуужсанаас өөрөөр улсаа дахин ангал руу түлхэх бүхэл бүтэн “арми”-ийн хунтайжууд түрүүчээсээ олширсныг Оюу Толгойн ногдол ашгийг бэлнээр тараах акц өрнөж эхэлснээс харж болно.

Хатуухан хэлэхэд энэ бол зүгээр нэг үзэл бодлын зөрүү биш, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Хэрэглээний үнийн индекс хэдхэн жилийн дотор тогтмол өндөр хувьтай гарч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаагийн хариулт маш энгийн.

Бэлэн мөнгө тарааснаар зах зээл дэх төгрөгийн масс нэмэгдэж, инфляц хөөрөгдөн, төгрөгийн ханш шаланд унадаг гашуун түүхийг бид хангалттай туулсан. Гар дээр ирсэн хэдэн төгрөг хэдхэн хоног идэж уугаад л дуусна. Хамгийн аюултай нь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь импортоос хамааралтай зөрүүлээд гадагшаа валютын нөөцийг урсгадагтай агаар нэг.

Эсрэгээрээ улсдаа томоохон бүтээн байгуулалт хийж, ажлын байр нэмэгдүүлсэн нь хамаагүй дээр гэдгийг хангалттай ойлгох цаг. Тэр нь Оюу Толгойн ногдол ашгийн тодорхой хувийг эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад зарцуулах тухай Засгийн газар, Ерөнхий сайдын шийдэл.

Нэн түрүүнд өвөл болохоор л "тог, цахилгаан тасрах вий" гэж чичирдэг айдастайгаа бид хэдий болтол амьдрах вэ? Монгол Улсын эрчим хүчний систем өнөөдөр ДЦС-3, ДЦС-4 зэрэг 40-өөс дээш жилийн насжилттай, даац нь хэтэрсэн гарын таван хуруунд ч хүрэхгүй станцууд дээр тогтож байна.

Өвлийн оргил ачааллаар импортын эрчим хүчний хараат байдалтайгаар арай ядан тэсэж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулаангүй болбол цаашид хэрхэх вэ гэсэн асуулт өвөлтэй зэрэгцэн бидэнд тулгардаг боллоо.

Нөгөө талаар бэлэн мөнгө тараа гэж орилж, хашхирч, улс төрийн тугаа болгоод байгаа улстөрчид улсаараа хөлдөх аюул тулахад гарч ирээд аврахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Өөрсдөө хил даваад зугтаaхыг таашгүй.

Үндсэндээ эрчим хүчний хараат бус байдал бол ердөө хэрэглээний асуудал биш, улс орны тусгаар тогтнол гэдгийг нийтээрээ ойлгох цаг хүссэн ч, эс хүссэн ч бидний өмнө ирлээ. Юу гэхээр Оюу Толгойгоос оруулж ирэх ногдол ашгаар эрчим хүчний асуудлыг л нэгмөсөн шийдэж, олон жил цаасан дээр гацсан ДЦС-5 төслийг эхлүүлэх үү гэсэн сонголтын өмнө Монгол Улс зогсож байна. Зөвхөн эрчим хүчний төслүүдэд зарцуулах тусгайлсан хууль гаргах сонголтын өмнө Засгийн газар зогсож байна.

Энэхүү түүхэн мөчлөг гэж хэлж болох уулзвар дээр, бэлэн мөнгөний хий хоосон амлалтыг таягдуулан хаяж, эрчим хүчний бие даасан байдлыг зоригтойгоор шийдэж чадвал Ням-Осорын Учрал уул уурхайн баялгийг ирээдүйн мега төслүүд рүү чиглүүлсэн Ерөнхий сайдын хувиар түүхэнд нэрээ үлдэнэ.

Туйлын үнэн гэвэл түүний засаглалын үе популизмыг эцэслэж, улсын стратегийн орлогыг дэмий цацахгүйгээр жинхэнэ утгаар нь суурь бүтээн байгуулалт болгосон гэдгээрээ legacy болно. Дараа дараагийн Засгийн газарт сургамж биш жишиг болгож үлдээнэ. Баялгийн хуваарилалтыг бэлэн мөнгөөр тараахад зориулах биш бүтээн байгуулалтын шанг татахад зарцуулсан гэдгээрээ шүү!

Улс орны ирээдүйг бэлэн мөнгөөр баллах уу, эсвэл өгөөжөө өгөх том бүтээн байгуулалт үлдээх үү? Сонголт тодорхой, бидэнд ухрах зам байхгүй. Юу үнэн энэ үнэн.

 

Г.Эрхэс

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.