0

Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлалаа.
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авч, санал нээлтийн хурлыг мөн өдрийн 14:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв байранд оролцогч бүх талуудын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй зохион байгууллаа.
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчдаас 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлжээ.
Энэ нь Монгол Улсын талд төслийн нийт хугацаанд 51 хувиас доошгүй өгөөж хүртээх Засгийн газрын зарчмыг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж буйг харуулж байна.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг хийж, ирүүлсэн саналуудыг:
санхүү, эдийн засгийн өгөөж,
төсөл хэрэгжүүлсэн туршлага,
ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө,
бусад холбогдох шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
Шалгаруулалтаар 700 ба түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг сонгон, цаашдын хамтын ажиллагааны хэлэлцээрт урих юм.
Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа:
Монголын талын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх
Хамгийн өндөр үр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой хувилбарыг сонгох
зарчмыг баримталж байна.
Бортээгийн ордын төсөл нь стратегийн ач холбогдол бүхий ордыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах Монгол Улсын жишиг төсөл болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.