0
Огноо2024-11-07
Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын статистикийн тухай хуульд заасны дагуу дөрвөн жил тутам Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г боловсруулдаг. Хуульд заасны дагуу энэ удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион явуулсан ба судалгаанд 23,394 өрхийг хамруулсан байна. Цаг ашиглалтын судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зурагладаг.
Хүн амын цаг ашиглалтыг хэмжихдээ тодорхой үйл ажиллагаанд өдөрт дунджаар хэдэн минут зарцуулж буйгаар тооцдог. Өдрийн 24 цаг нь 1440 минут болох ба, энэхүү 1440 минутыг ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулж буйг тооцсон байна.
ХҮН АМЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Монгол хүн өдрийн 24 цагийн 51.0 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна. Монголчууд чөлөөт цагаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахад ихэвчлэн хуваарилдаг. Өдөрт дунджаар 1 цаг 58 минутыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахад зарцуулдаг ба энэ нь хобби, спорт, соёлын үйл ажиллагаанд зарцуулсан цагаас 4.9 дахин их юм.
Монгол орны хаана амьдарч байгаагаас хамааран хүн амын цаг ашиглалт ялгаатай. Хүн амын амьдарч буй байршлаар илрэх цаг ашиглалтын хамгийн том ялгаа нь хөдөөд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд хотынхноос илүү их цаг зарцуулдаг. Хөлстэй болон хөлсгүй нийт хөдөлмөр эрхлэлтэд хөдөөгийн хүн ам хотын хүн амаас өдөрт дунджаар 13.9 хувиар илүү цаг зарцуулдаг. Хотод ААНБ-д ажиллах зонхилсон хөлстэй хөдөлмөр давамгайлдаг бол хөдөөд мал маллах зонхилсон өрхийн эцсийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөлстэй хөдөлмөр давамгайлна. Хөдөөд МАА эрхлэх хөлстэй хөдөлмөр эрхлэлт их учраас боловсролын үйл ажиллагаа, чөлөөт цаг, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулах цаг хотынхноос хомс.
ЦАГ АШИГЛАЛТ БА ХҮЙСИЙН ЯЛГАА
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хөдөлмөрлөдөг, гэхдээ хөлсгүй. Хөдөлмөр эрхлэлтийг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр тооцвол эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж буй бол эмэгтэйчүүд дунджаар 8 цаг 13 минутыг хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Гэхдээ илүү чухал ялгаа нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй шинж чанараар илэрнэ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.0 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн өдрийн дундаж хөдөлмөр эрхэлсэн цагийн 71.6 хувь нь хөлстэй хөдөлмөр бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн нийт цагийн тал хүрэхгүй хувь буюу 44.6 хувь нь хөлстэй хөдөлмөрт зарцуулагджээ. Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт дэх хүйсийн ялгаа төвөөс алслагдах тусам улам гүнзгийрдэг. Хотод хөлстэй хөдөлмөрт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их цаг зарцуулдаг бол хөдөөд 1.6 дахин их цаг зарцуулдаг. Хөлсгүй хөдөлмөрт хотод амьдардаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.9 дахин их цаг зарцуулдаг бол хөдөөд энэ тоо 2.3 болж нэмэгджээ. Цаг ашиглалтын судалгаа нь ТХЗ-ын “5.4.1 Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг” үзүүлэлтийг хэмжих, хянах боломжийг олгодог. 2023 оны байдлаар эрэгтэйчүүд нэг өдрийн 24 цагийнхаа 9.0 хувийг хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулдаг бол эмэгтэйчүүд 18.5 хувийг энэ үйл ажиллагаанд зарцуулж байна. 2019 онд энэ үзүүлэлт 7.4 ба 19.0 хувь байсан. Хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цагийн хүйс хоорондын ялгаа 30 минутаар буурсан үр дүнтэй байна. Энэ нь эрэгтэйчүүдийн цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг 23 минутаар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 7 минутаар буурсантай холбоотой. Хүйсийн ялгаа буурч байгаа ч хөлсгүй хөдөлмөрийг үнэлэх, гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийн үүргийг гэр бүлийн гишүүд тэгш хуваалцах хандлага бий болоход хугацаа шаардлагатай хэвээр байна. Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цагийн хүйсийн ялгаа 25-44 насны бүлэгт хамгийн өндөр, 65 ба түүнээс дээш насны бүлэгт харьцангуй бага боловч ялгаатай хэвээр.
ЦАГ АШИГЛАЛТ БА АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ
Хүн амын амьдралын мөчлөг буюу наснаас хамааран амьдрах хэв маяг, дадал хувьсан өөрчлөгдөж байдаг. 12-17 насанд суралцах болон чөлөөт цаг, хувийн хэрэгцээний цагт хамгийн их цаг зарцуулдаг. 18-24 наснаас эхлэн боловсролд зарцуулах цаг буурч, хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд цаг зарцуулах нь нэмэгдэнэ. Хүн амын хөдөлмөр эрхлэлт 18-24 насны бүлгээс эхлэн идэвхжих ба 25-39 насанд оргил үедээ хүрч, 59 нас хүртэл идэвхтэй үргэлжилсээр 60 ба түүнээс дээш наснаас буурч эхэлдэг. Хөлстэй, хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд илрэх хүйсийн ялгаа бага наснаас буюу 12-17 наснаас эхэлж, 18 ба түүнээс дээш насанд илүү гүнзгийрдэг. 12-17 насанд хөвгүүд охидоос 1.8 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулдаг бол охид хөвгүүдээс 1.5 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Хүйсийн энэ ялгаа нь насны бүлэгт харгалзах хөдөлмөр эрхлэлтийн идэвхийг даган нэмэгдэнэ. Ялангуяа хөдөлмөрийн хамгийн идэвхтэй 18-39 насанд энэ ялгаа оргил үедээ хүрч, 40 наснаас хойш буурах буюу хөлсгүй хөдөлмөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага зэрэг буурч, эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хандлага илэрч байна. Хөлстэй хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдэд, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдэд хуваарилагдах байдал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг насан туршид дагах ба насны бүлгүүдэд нэмэгдэх, буурах хэдий ч тэнцвэргүй хэвээр байдаг аж.
ҮЙЛДЛИЙН ЧАДВАРЫН ХҮНДРЭЛТЭЙ ХҮН АМЫН ЦАГ АШИГЛАЛТ
Үйлдлийн чадварын хүндрэлтэй хүн ам долоо хоногийн нэг өдрийн 24 цагийн дунджаар 6.4 хувийг хөлстэй хөдөлмөрт, 13.8 хувийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, 19.6 хувийг боловсрол, чөлөөт цагт, 60.2 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ зарцуулж байна. Үйлдлийн чадварын хүндрэл нь хөлстэй хөдөлмөр эрхлэх цагийг хязгаарлаж буй ч хөлсгүй хөдөлмөрийн хувьд огтхон ч хязгаарлалт болдоггүй. Үйлдлийн чадварын хүндрэлтэй хүн ам долоо хоногийн нэг өдөрт дунджаар 3 цаг 19 минутыг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа нь үйлдлийн чадварын хүндрэлгүй хүн амтай харьцуулахад ердөө 13 минутаар бага байна. Харин хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь үйлдлийн чадварын хүндрэлгүй хүн амтай харьцуулахад 3.1 дахин бага, эсрэгээрээ чөлөөт цаг нь 1.6 дахин их байна.
ЦАГ АШИГЛАЛТ БА БОЛОВСРОЛ
Хөдөлмөр эрхлэлтийн статус хөлстэй хөдөлмөрт шилжих нь боловсролын түвшинтэй нягт уялдаатай. Дээд боловсролтой хүн амтай харьцуулахад техникийн болон мэргэжлийн боловсролтой хүн өдөрт дунджаар 6.2 хувиар бага цагийг, бүрэн дунд боловсролтой хүн 9.4 хувиар бага цагийг, суурь боловсролтой хүн 28.0, боловсролгүй, бага боловсролтой хүн 26.4 хувиар бага цагийг тус тус хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэх тусам хөлстэй хөдөлмөр дэх хүйсийн ялгаа буурдаг. Боловсролын түвшнээс үл хамааран хөдөлмөрийн хуваарьт хөлстэй хөдөлмөрийг эрэгтэйчүүд, хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд голчлон гүйцэтгэх хандлага хэвээр. Гэхдээ эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэхэд тэдний хөлстэй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулах цаг илүү болж, хөлстэй хөдөлмөрт эрэгтэйчүүд давамгайлсан хүйсийн ялгаа арилахгүй ч буурч байна. Боловсролгүй, бага боловсролтой хүн амын дунд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.3 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байхад дээд боловсролтой хүн амын дунд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.4 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна.
ЦАГ АШИГЛАЛТ БА ӨРХИЙН АЖ БАЙДЛЫН ТҮВШИН
Өрхийн аж байдлын түвшин өндөр байх тусам хөлстэй хөдөлмөрт илүү цаг зарцуулж байна. Дунджаас доогуур аж байдлын түвшинтэй хүн ам 3 цаг 43 минут, дундаж аж байдлын түвшинтэй хүн ам 4 цаг 7 минутыг хөлстэй хөдөлмөрт өдөрт дунджаар зарцуулж байхад дунджаас дээгүүр болон дээгүүр аж байдлын түвшинтэй хүн ам 4 цаг 36-54 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Харин аж байдлын түвшин хамгийн бага буюу доогуур ангилалд багтах хүн амын хувьд хандлага биелэхгүй буюу хөлстэй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд бусад ангилалтай харьцуулахад хамгийн их цагийг зарцуулах хэдий ч энэ цагийнхаа дийлэнх буюу 80.4 хувийг өөрийн өрхийн эцсийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулжээ. Дунджаас дээгүүр болон дээгүүр аж байдлын түвшинтэй хүн ам өрхийн эцсийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцох оролцоо бага, эсрэгээрээ ААНБ-д ажиллах зонхилсон хөдөлмөр эрхлэлтэд илүү цаг зарцуулж байна. Түүнчлэн аж байдлын түвшин нэмэгдэхэд хүн амын гэрийн ажилд зарцуулах цаг тодорхой хэмжээгээр буурах бол хүүхэд асрахад зарцуулах цаг буурдаггүй ажээ.
ЦАГ АШИГЛАЛТ БА ГЭРЛЭЛТ
Гэрлэлтийг даган хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулах цаг нэмэгдэж байна. Огт гэрлээгүй хүн амтай харьцуулахад гэр бүлээ батлуулсан хүн амын хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цаг 42.1 хувиар илүү, гэр бүлээ батлуулаагүй хүн амынх 56.6 хувиар илүү, тусгаарласан, цуцалсан, бэлэвсэн хүнийх 45.3 хувиар илүү байна. Гэрлэлтийн төлөв ба хөдөлмөр эрхлэлтийн хамаарлыг насны бүлгээр нарийвчилж үзвэл аль ч насанд гэрлэлт нь хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг нэмэгдүүлэх ба 18-39 насанд буюу төрөлтийн түвшин өндөр, залуу гэр бүлийн хувьд хөлсгүй хөдөлмөрийн ачаалал хамгийн их нэмэгдэж байна. Цаашилбал хүүхэдтэй болох нь хүн амын, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг нэмэгдүүлдэг. Гэрлэсэн хүн амын дунд хөдөлмөр эрхлэлтийн хүйсийн ялгаа илүү гүнзгий. Гэрлэлт нь цаг ашиглалтын хувьд эрэгтэйчүүдэд хөлстэй хөдөлмөр эрхлэх хариуцлага, эмэгтэйчүүдэд хөлсгүй хөдөлмөр эрхлэх үүргийг авчирдаг гэж хэлж болно. Огт гэрлээгүй эрэгтэй огт гэрлээгүй эмэгтэйгээс 1.2 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулдаг бол батлуулсан/батлуулаагүй гэр бүлтэй тохиолдолд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5-1.7 дахин их цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Хөлсгүй хөдөлмөрийн хувьд хүйсийн ялгаа илүү гүнзгийрч, огт гэрлээгүй эмэгтэй огт гэрлээгүй эрэгтэйгээс 1.7 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байхад гэрлэсэн эмэгтэй гэрлэсэн эрэгтэйгээс гэрлэлтээ батлуулсан, батлуулаагүйгээс үл хамааран 2.2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
29 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
17 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
27 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
1 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.