dobu.mndobu

Грэмми BTS хамтлагийн тоглолтын бичлэгийг албан ёсны сайтаасаа устгаж, шүүмжлэлд өртөв

Грэмми BTS хамтлагийн тоглолтын бичлэгийг албан ёсны сайтаасаа устгаж, шүүмжлэлд өртөв

Грэмми шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг Бичлэгийн Академи (Recording Academy) BTS хамтлагийн Грэммийн тайзан дээрх түүхэн тоглолтын бичлэгүүдийг албан ёсны цахим хуудсаасаа устгасны дараа олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. Энэхүү өөрчлөлт нь BTS ирэх жилийн Грэмми шагналд уран бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласны дараахан болсон нь анхаарал татаж байна.

Грэммийн албан ёсны вэбсайтаас BTS-ийн 2021 онд хит болсон "Dynamite", 2022 оны "Butter" дууны  тоглолтын бичлэгүүдийг үзэх боломжгүй болсон байна. Харин эдгээр бичлэг хамтлагийн албан ёсны сувгуудад хэвээр байгаа бөгөөд Бичлэгийн Академи устгасан шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна.

BTS-ийн долоон гишүүн долдугаар сарын 29-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, 2027 оны хоёрдугаар сарын 7-нд болох 69 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд ямар ч бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.

"Бид удахгүй болох Грэмми шагнал гардуулах ёслолд бүтээлээ илгээхгүй байхаар шийдсэн. Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь бус, өөрийнх нь үнэ цэнээр үнэлж, хайрладаг байхыг хүсэж байна" хэмээн хамтлаг мэдэгдэлдээ онцолжээ.

Тус хамтлагийн энэхүү шийдвэрийг Бичлэгийн Академийн шинээр бий болгосон "Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэр" ангиллыг эсэргүүцсэн алхам гэж олон нийт үзэж байна.

Шинэ ангилалд нэр дэвших бүтээл нь дор хаяж нэг Ази хэл дээрх дуутай байх шаардлагатай. Харин BTS-ийн саяхан гаргасан "ARIRANG" цомог ихэвчлэн англи хэл дээрх бүтээлүүдээс бүрдсэн тул уг шаардлага нь Азийн уран бүтээлчдийг үндсэн төрөлд өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Маргаанд Солонгосын соёл, урлагийн салбарын нэр нөлөө бүхий төлөөлөгчид ч байр сууриа илэрхийлжээ. Hyundai Card-ийн гүйцэтгэх захирал Тед Чунг олон нийтийн сүлжээнд "Азийн хөгжимчдийг тусдаа ангилалд оруулах нь тэднийг ялгаж, хязгаарлаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ логикоор бол Bad Bunny, Ricky Martin нарыг ч зөвхөн латин хөгжмийн төрөлд өрсөлдүүлэх ёстой гэсэн үг үү?" хэмээн бичсэн байна.

Харин Бичлэгийн Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жуниор BTS-ийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ шинэ ангилал нь Азийн уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлав.

Тэрбээр "BTS энэ жил Грэммид оролцохгүй болсон нь харамсалтай. Гэхдээ хөгжмийн уран бүтээлчийн хувьд тэдний сонголтыг ойлгож, хүндэтгэж байна" гэж мэдэгджээ.

Хөгжмийн салбарын зарим шинжээч бүс нутгаар ангилсан төрөл нь олон улсын уран бүтээлчдийг үндсэн шагналын өрсөлдөөнөөс аажмаар тусгаарлах эрсдэлтэй гэж үзэж байна. Тэдний хэлснээр ийм бодлого нь барууны бус хөгжмийг "тусгай ангилал"-д хязгаарлаж, дэлхийн хөгжмийн зах зээлд тэгш үнэлэгдэх боломжийг бууруулж болзошгүй юм.

Үүний зэрэгцээ BTS-ийн шүтэн бишрэгчид Грэммийн сайтаас устгагдсан тоглолтын бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд дахин нийтэлж эхэлсэн бөгөөд "видеог устгасан нь BTS-ийн Грэммийн тайзан дээр бүтээсэн түүхэн амжилтыг өөрчилж чадахгүй" хэмээн онцолж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.