0

БНСУ-ын Тэжон хотод 7 сартай хүүгээ хараа хяналтгүй орхисны улмаас амь насыг нь хохироосон хэрэгт эцэг, эхийг нь буруутгаж байгаа ч тухайн гэр бүл хүүхэд хамгааллын системд эрсдэлтэй өрхөөр огт бүртгэгдээгүй нь ил болжээ.
Прокурорын байгууллагаас долдугаар сарын 31-нд эцэг, эхийг хүүхдээ хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироосон хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тэд хүүгээ интернет кафе буюу ПС тоглоом тоглохдоо удаан хугацаагаар хараа хяналтгүй орхидог байсан гэж үзжээ.
Хүү нас барах үедээ ердөө 3 кг жинтэй байсан нь 7 сартай хүүхдийн дундаж жин болох 8 кг-ын талаас ч бага байв. Үндэсний шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг хоол тэжээлийн дутагдал болон шингэн алдалт гэж тогтоосон байна.
Гэсэн хэдий ч төрөөс тус гэр бүлд хүүхэд асрах болон бусад төрлийн тэтгэмжийг тогтмол олгож байсан ч хүүхэд хамгааллын эрсдэлийг илрүүлэх системд ямар нэгэн анхааруулах дохио бүртгэгдээгүй аж.
Тодруулбал, хүүгийн гэр бүл өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл нийт 12.17 сая вон буюу ойролцоогоор 8,600 ам.долларын төрийн дэмжлэг, тэтгэмж авсан байна.
Үүнд эцэг, эхийн тэтгэмж, анхны уулзалтын ваучер, нярай хүүхдийн зардлын татаас, хүүхдийн тэтгэмж болон төрөлтийн урамшуулал зэрэг багтжээ.
Тэжон хотын холбогдох байгууллагуудын мэдээлснээр тус өрхийг эрсдэлтэй хүүхэд, гэр бүлийг илрүүлэхэд ашигладаг хоёр төрлийн халамжийн хяналтын системийн аль нь ч анхаарал татахуйц өрхөөр тэмдэглээгүй байна. Эдгээр систем нь хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй эсэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй зэрэг мэдээллийг шалгаж, шаардлагатай тохиолдолд албаныхныг тухайн айлд биечлэн очиж шалгах боломжийг бүрдүүлдэг аж.
Албаныхны тайлбарласнаар хүү нярайн эрүүл мэндийн үзлэг болон шаардлагатай вакцинжуулалтад хамрагдсан байсан тул системд сэжигтэй нөхцөл байдал илрээгүй байна. Мөн цагдаагийн шалгалтаар уг гэр бүл өмнө нь хүүхэд хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүртгэлгүй байжээ.
Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас эцэг, эхийн дансанд интернет кафе ашигласан болон тоглоомын төлбөртэй холбоотой гүйлгээ байсныг тогтоосон байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурь гарчээ. Иргэний нийгмийн байгууллагууд бага насны хүүхдүүдийг төрсний дараах эхний жилүүдэд илүү тогтмол хянах, асран хамгаалагчид шаардлагатай үзлэгт удаа дараа хамрагдаагүй тохиолдолд нэмэлт арга хэмжээ авах санал гаргасан байна.
Уг асуудлаар БНСУ-ын Үндэсний Ассамблейд ч олон нийтийн өргөдөл гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.