0

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” анх удаа болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хэлэлцэж буй асуудлуудын талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хэмжээнд хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотод ийнхүү зохион байгуулж байна. Хотууд асуудлуудаа хэлэлцэхээс гадна хэрэгжилт, бодит байдалд ямар үр дүн гаргах нь хамгийн чухал. Энэ удаагийн хотын дарга нарын форум өргөн хүрээг хамарч байгаа онцлогтой. Өмнөд Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Төв Ази гээд бүх талын төлөөлөл оролцож байна.
Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь зөвхөн нэг хотын бус хот болгонд тулгамдаж байгаа асуудал учир нэгдэж, оролцож, хамтран ажиллана. Асуудлыг хамтдаа шийднэ. Хотын дарга нарын форумын үеэр шинэ сүлжээ бий болгох, хот хоорондын түншлэлийг хэрэгжүүлэх, төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн болон дэлхий нийтийн түвшинд асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Энэхүү форум нэг, хоёр өдрийн хэлэлцүүлэг болоод өндөрлөхгүй, үргэлжилнэ. Дараагийн чуулга уулзалтыг Анкара хотод зохион байгуулах талаар яригдаж байна.
Хотын дарга нарын форумаар Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийг дэмжих төслүүдэд санамж бичгүүд байгуулна.
Урсула Зауттер: COP17 хурлын үеэр нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх нь чухал

ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга, доктор Урсула Зауттер:
-1999 онд Боннд хот болон цөлжилтийн асуудлаар дэлхийн хотын дарга нарын форум болж, хот, орон нутгийн захиргааны түвшинд цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцсэн. Хотууд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хамтын ажиллагаа, мэдээлэл, туршлагаа солилцсон. Орон нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэж, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөлжилтийн асуудлыг онолоос илүү бодит туршлага, хэрэгжүүлсэн шийдэлд тулгуурлан хамтран шийдвэрлэж, үзэл баримтлал, саналаа боловсруулах нь маш чухал байдаг.
Андре Виола: Ус, хөрсийг хамгаалах хариу арга хэмжээ авах хэрэгтэй

Франц Улсын Од (Aude) мужийн Европ болон Олон улсын харилцаа хариуцсан зөвлөх Андре Виола:
-Дэлхийн бүх хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байна. Бонн хотод гэхэд гурван сарын турш 40 хэм хүрч халж байлаа. Мөн энэ нөхцөл байдал бүс нутгийн хэмжээнд ч үргэлжилсэн. Бид уур амьсгалын өөрчлөлтийн хямралын эхэн үе болон шийдлийн ч эхэн үедээ зогсож байна. Бүс нутгийн түвшинд дараах шийдлийг гаргах ёстой. Нэгдүгээрт, усны менежментийг хэрэгжүүлнэ. Дараа нь хөрсний сэргээлт, байгалийг хамгаалах ёстой. Энэ мэт олон шийдэл байна. Хамгийн чухал нь олон улсын оролцогчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөдөө аж ахуйн байгууллагууд, хувийн хэвшил гээд бүх тал асуудал бүрд оролцоотой байж, дуу хоолойгоо сонсгох боломж энд бүрдэж байна. Үүнээс гарсан хариу арга хэмжээ нэгдмэл, олон улсын түвшинд байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг орон нутгийн засаг захиргаа зөвхөн зөвлөгөө аваад зогсохгүй өөрсдийгөө ижил түвшний оролцогчдоо хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, усны хэрэглээнд анхаарах нь чухал байна.
Фиона МакКлуней: Гарсан шийдлүүд хэрэгжих нь чухал

НҮБ-ын Хүн амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөрийн Дэлхийн шийдлийн хэлтсийн хөтөлбөрийн менежментийн Ахлах Фиона МакКлуней:
-Талуудын бага хуралд бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл заавал оролцож, дуу хоолойгоо хүргэх ёстой. Мэдээж гарсан шийдлүүд хүнд сурталгүй хэрэгжих нь чухал. Өнгөрсөн зун гэхэд Европт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц илэрсэн. Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд ч ихээр нөлөөлж байна. Хотоос гадна хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэр байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож байж шийдвэрлэх гарцаа олно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.