dobu.mndobu

Непалын сургуулийн захирал үерийн аюулын сэрэмжлүүлэг авч, 1,643 хүүхдийн амийг аварчээ

Непалын сургуулийн захирал үерийн аюулын сэрэмжлүүлэг авч, 1,643 хүүхдийн амийг аварчээ

Непал, Төвдийн хил орчимд мөс, хадны нурангиас үүдсэн хүчтэй үер бууж, олон зуун хүний аминд хүрсэн энэ гамшгийн үеэр нэгэн сургуулийн захирал 1,643 сурагчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, баатарлаг үйлдлээрээ олны анхаарлыг татжээ.

Непалын Тришули хөндий дэх Трибхуван Тришули дунд сургуулийн захирал, 47 настай Ражендра Давади лхагва гарагийн өглөө 09:20 цагт найзаасаа яаралтай сэрэмжлүүлэг авчээ. Найз нь ойролцоох тосгон үерт автсан тул нэн даруй зугтахыг түүнд анхааруулсан байна.

Тухайн үед сургуульд 1,643 хүүхэд байжээ. Эхэндээ Давади сургуулийг голын түвшнээс 60 орчим метрийн өндөрт байрладаг тул аюулгүй гэж үзсэн ч удалгүй нэгэн эцэг эх усны түвшин маш хурдан нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Ингээд тэр сургуулийн хонхыг цохиж, багш нарт хүүхдүүдийг ангиас нь яаралтай гаргахыг хэлж, сургуулийн автобусны жолооч нартай холбогдон, хүүхдүүдийг буцаахыг сануулжээ. Хүүхдүүд уулын энгэр өөд явган зугтаж, Давади тэдний араас даган аюулгүй газар хүргэжээ. 

Хүүхдүүд эцэст нь модны дор хоргодож амжсан бөгөөд удалгүй үерийн хүчтэй урсгал сургуулийн барилгуудыг урсган авчээ. Нэг сурагч айж сандарснаас болж бие нь муудан, түүнийг мотоциклоор өндөрлөг газар хүргэсэн байна.

Давадигийн шуурхай шийдвэрийн ачаар 1,643 сурагч амьд үлдсэн ч сургуулийн хоёр ажилтан амиа алджээ. Нийгмийн ухааны багш 32 настай Сантос Парияр голын эрэг дэх түрээсийн өрөөндөө буцаж очих үеэрээ үерт автан нас барсан бол сургуулийн үйлчлэгч Султан Лама мөн барилга руу буцаж ороод амиа алдсан байна.

Энэ үеэр Непалд 700 гаруй хүн амиа алдаж, 2,400 гаруй хүн сураггүй болсон тухай мэдээлэл гарчээ. Төвдөд мөн 16 хүн нас барж, 500 гаруй хүн сураггүй байгаа талаар Хятадын эрх баригчид мэдээлсэн байна. Нийтдээ 3,000 гаруй хүн сураггүй болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.