0

Яаралтай тусламжийн эмч, гэмтлийн мэс засалчид автомашинд зорчихдоо толгойн ар хэсэгт хатуу хуванцар эсвэл төмөр үсний хавчаар зүүх нь ослын үед ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулжээ.
Ялангуяа том, хатуу үсний хавчаар толгойн ар хэсэгт байрласан үед автомашин огцом тоормозлох, араас мөргүүлэх зэрэг ослын үеэр толгой хүчтэй хойш савж, хавчаар толгой болон суудлын түшлэгийн дунд хүчтэй доргилт өгч хуйх зүсэгдэх эрсдэлтэй ажээ.
Хатуу хавчаар нь цохилтын хүчийг толгойн жижиг хэсэгт төвлөрүүлдэг тул хуйх гүн зүсэгдэх, их хэмжээгээр цус алдах, хатгаж гэмтэх болон зөөлөн эд ноцтой гэмтэх зэрэг эрсдэлтэй аж. Мөн хавчаар хугарсан тохиолдолд хэсэг нь хуйханд шигдэж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болж болзошгүй байна.
Үүний бодит жишээ 2023 онд Их Британийн оюутан Жина Панесарт тохиолдсон байна. Тэрбээр автомашины осолд орж, машин нь онхолдсон үед зүүж байсан хатуу үсний хавчаар толгойнх нь ар хэсэгт хүчтэй шахагдан, хуйханд нь гүн шигджээ.
Мэргэжилтнүүд ийм төрлийн гэмтэл нь зөвхөн томоохон ослын үед бус, толгой суудлын түшлэгтэй хүчтэй мөргөлдөх нөхцөлд ч үүсэж болзошгүйг анхааруулсан байна.
Тиймээс автомашинд суухдаа толгойн ар хэсэгт байрласан хатуу үсний хавчаарыг тайлж хэвшихийг зөвлөжээ. Үсээ боох шаардлагатай бол зөөлөн даавуун боолт, нимгэн уян боолт зэрэг толгойг түшлэгт хэвийн наалдахад саад болохгүй хэрэглэл сонгох нь илүү аюулгүй аж.
Өдөр тутмын энгийн нэгэн дадлыг өөрчлөх нь автомашины ослын үед толгой, хүзүүний гэмтлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой байж болохыг эмч нар сануулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.