0

Apple компани анхны эвхэгддэг ухаалаг утас болох iPhone Duo-гоо танилцууллаа. Тус төхөөрөмж нь 5.4 инчийн гадна дэлгэц болон 7.6 инчийн үндсэн дэлгэцтэй бөгөөд АНУ-д 256GB багтаамжтай хувилбар нь 1,999 ам.долларын үнээр худалдаанд гарах юм. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, аравдугаар сарын 23-наас худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.
Apple шинэ загвараа Калифорни мужийн Купертино хот дахь намрын арга хэмжээний үеэр iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудын хамт танилцуулсан байна.
iPhone Duo нь эвхэгдсэн үедээ авсаархан, гарын алганд багтах хэмжээтэй бөгөөд дэлгэцийг дэлгэхэд жижиг таблет ашиглаж буй мэт том дэлгэцтэй болдог. Үндсэн дэлгэц нь 7.6 инчийн хэмжээтэй тул кино, видео үзэх, цахим ном унших, босоо бичлэг үзэх зэрэгт илүү тохиромжтой бол гадна талын 5.4 инчийн дэлгэцийг мессеж бичих, мэдэгдэл шалгах зэрэг өдөр тутмын үйлдэлд ашиглах боломжтой.
Apple компаны мэдээлснээр iPhone Duo нь дэлгэгдсэн үедээ ердөө 5.2 мм зузаантай, эвхэгдсэн үедээ 11.3 мм зузаантай бөгөөд титанаар хийсэн хүрээтэй. Жин нь 254 грамм аж. Дотор дэлгэц нь тусгалыг багасгах, дэлгэцийн голын нугалаас илүү бага харагдахад зориулсан матт, нано бүтэцтэй гадаргуутай. Төхөөрөмжийн нугас нь 100 гаруй эд ангиас бүрдэх бөгөөд эвхэж, дэлгэх үед жигд хөдөлгөөнтэй байхаар зохион бүтээжээ.
iPhone Duo нь тоос, усны хамгаалалтын IP68 зэрэглэлтэй. Гадна талдаа Ceramic Shield 2, ар талдаа Ceramic Shield хамгаалалттай бөгөөд цагаан болон хөх өнгийн хоёр сонголттой. Мөн Apple Pencil-тэй ажиллах боломжтой.
Тус загварын нэг онцлог нь Face ID-ийн оронд Touch ID ашигладаг явдал юм. Мөн iPhone 18 Pro загваруудтай адил Apple-ийн шинэ A20 Pro чипээр тоноглогджээ.
Камерын хувьд ар талдаа 48 мегапикселийн үндсэн болон 48 мегапикселийн хэт өргөн өнцгийн гэсэн хоёр камертай. Телефото камергүй бөгөөд 4K нягтаршилтай, секундэд 120 кадрын хурдтай Dolby Vision видео бичлэг хийх боломжтой.
Мөн урд болон арын камерыг зэрэг ашиглан FaceTime дуудлага хийх Dual Capture, утсыг дэлгэсэн үед гадна талын дэлгэцээр зураг авах гэж буй дүрсийг харуулах Duo Preview зэрэг шинэ боломжуудыг багтаажээ. Хүүхдийн анхаарлыг камер руу хандуулах зориулалттай Peanuts-ийн дүрүүд бүхий Kid Cue функц ч бий.
Apple-ийн мэдээлснээр iPhone Duo нь үндсэн дэлгэцээр видео тоглуулах үед 31 цаг хүртэл, гадна дэлгэцээр ашиглах үед 44 цаг хүртэл ажиллах боломжтой. Харин хоёр дэлгэцийг ойролцоогоор ижил хэмжээгээр ашиглавал цэнэглэхээс өмнө 24 цаг хүртэл ажиллана гэж тооцоолжээ.
Ийнхүү Apple эвхэгддэг утасны зах зээлд Samsung, Google, Motorola болон Хятадын Honor, Oppo, Huawei зэрэг үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх шинэ тоглогч болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Apple-ийн зах зээлд нэвтэрсэн нь одоогоор харьцангуй цөөн хэрэглэгчтэй байгаа эвхэгддэг утасны эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой.
IDC-ийн таамаглалаар дэлхийн эвхэгддэг утасны нийлүүлэлт энэ онд 12 гаруй хувиар өсөх бөгөөд 2027 он гэхэд Apple 17 саяас илүү эвхэгддэг iPhone борлуулж, дэлхийн зах зээлийн бараг 40 хувийг эзлэх боломжтой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.