0

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзаж, шүүхийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь өөр өөр чиг үүрэг, бүрэн эрхтэй боловч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах нийтлэг зорилготойг онцолсон байна.
Энэ хүрээнд шүүхийн хүний нөөц, шүүгчдийн ажлын ачаалал, сул орон тоо, сонгон шалгаруулалт, шүүн таслах ажиллагааны цахимжилт, шүүхийн аюулгүй байдал болон шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх асуудлаар холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг хэлжээ.
Мөн хууль хэрэглээний явцад гарч буй хүндрэл, хийдлийг арилгах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Улсын Дээд шүүхийн саналыг бодитоор тусгах нь чухал гэдгийг тэмдэглэсэн байна.
Шүүхийн ачааллыг бууруулах асуудлын хүрээнд шүүх хуралдаан хойшилж буй шалтгаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлон ажиллаж байгаа аж. Тухайлбал, байгуулагдаад удаагүй байгаа Хялбар ажиллагааны шүүхийн шийдвэрлэж буй хэргийн дийлэнх хувийг аппликэйшний зээл эзэлж, шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгааг Ц.Цогт хэлэв.
Уг асуудлыг Улсын Их Хурал болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өргөн хүрээнд авч үзэж байгаа бөгөөд цаашид шүүхийн ачааллыг бууруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Түүнчлэн шүүхийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулахын тулд технологийн дэвшил ашиглан зарим үйл ажиллагааг автоматжуулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран эхлүүлсэн байна.
Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шүүх хуралдааныг олон нийтэд хүргэх “Шүүхийн суваг”-ийг хөгжүүлэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг шүүхүүдтэй холбох “CaseLine” цахим талбарыг бий болгож, туршилтын ажлыг эхлүүлжээ. Уг талбарыг ашиглахтай холбоотой дүрэм, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран боловсруулж байгаа аж.
Мөн цагдан хорих болон таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийг боловсронгуй болгох шаардлагатайг Ерөнхий шүүгч онцолсон байна.
Өнөөдрийн уулзалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч оролцож, шүүхийн үйл ажиллагаа болон олон нийтэд мэдээлэл хүргэхтэй холбоотой асуудлаар асуулт асууж, санал солилцжээ.
Цаашид шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр хангах зорилгоор шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарыг энэ ажилд татан оролцуулж, өөрийн зүгээс манлайлан ажиллахаа илэрхийлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.