dobu.mndobu

Номын баяр хүүхэд байгаа газар үргэлжилнэ

Номын баяр хүүхэд байгаа газар үргэлжилнэ

Үндэсний номын баяр төв талбайд зохион байгуулагдсан гурван өдрөөр хязгаарлагдахгүй, хүүхэд байгаа газар буюу ерөнхий боловсролын сургууль, анги танхимд үргэлжилж байна.

2026–2027 оны хичээлийн жилд “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт нэгдсэн сургуулиуд номын баярын үйл ажиллагааг өөрийн сургууль дээр зохион байгуулж, сурагчдын уншсан ном, ойлгосон санаа, бүтээсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж эхэлжээ.

Энэ нь зөвхөн номын үзэсгэлэн зохион байгуулах бус, хүүхдүүдийг багш, ангийнхантайгаа хамт номын ертөнцөөр аялуулж, уншсан зүйлээ ярилцах, бүтээлчээр илэрхийлэх, бусадтай хуваалцахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид багштайгаа болон ангийнхантайгаа хамт ном уншиж, дүр, үйл явдал, зохиолын санааг өөрсдийнхөөрөө ойлгон ярилцаж, бусдын бодлыг сонсдог. Мөн уншсан зүйлээ бичих, зурах, бүтээл туурвих замаар өөрийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээр дахин илэрхийлж, хийсэн бүтээлээ бусдын өмнө танилцуулан, тайлбарлаж байна.

Түүнчлэн ангиараа бүтээсэн ажлуудаа сургууль, эцэг эх, бусад сурагчидтай хуваалцах зорилгоор үзэсгэлэн гаргаж байна.

Ном уншсанаар үйл явц дуусахгүй, харин номоо хаасны дараа хүүхдийн бүтээлч ажил эхэлдэг нь “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн гол онцлог юм.

Нэг номыг ангиараа хамт унших явцдаа хүүхдүүд бусдын бодлыг сонсох, асуулт асуух, өөрийн санаагаа хамгаалах, хамтран бүтээх дадал эзэмшинэ. Ингэснээр уншлага нь ойлгох, ярилцах, бүтээлчээр сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх үйл явц болж байна.

Мөн сургуулийн номын баярыг зөвхөн багш нар зохион байгуулахгүй. Ахлах ангийн “Динза элч” сурагчид дүү нарынхаа уншлагын хөтөлбөрийг дэмжиж, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулах, ангиудыг оролцуулах, үйл ажиллагааг сурталчлах, зураг, видео, ярилцлагаар сургуулийнхаа уншлагын түүхийг бүтээхэд манлайлан оролцоно.

Ингэснээр багш нь хүүхдүүдтэйгээ хамт уншиж, сурагчид уншсанаа бүтээл болгон, ахлах ангийн “Динза элч” нар дүү нараа дэмжиж, эцэг эхчүүд хүүхдийнхээ бүтээлтэй танилцан, сургууль бүхлээрээ номын баярын орчин бүрдүүлэх юм.

Энэ намар сургуулиудын хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, номын баярын үйл ажиллагаа аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Иймд эцэг эхчүүд, иргэдийг өөрт ойр сургуулийн номын баяр, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнгээр зочилж, хүүхдүүд юу уншсан, юу ойлгосон, түүнийгээ хэрхэн бүтээл болгосонтой танилцан, тэдний хөдөлмөрийг дэмжихийг уриалж байна.

Номын баяр хүүхэд байгаа газар үргэлжилж, сургууль бүр номын баярын талбар, уншсан ном бүр хүүхдийн шинэ бүтээлийн эхлэл болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.