dobu.mndobu

51 улс Украинд дэмжлэг үзүүлж, Оросыг түрэмгийллээ зогсоохыг уриалав

51 улс Украинд дэмжлэг үзүүлж, Оросыг түрэмгийллээ зогсоохыг уриалав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр 51 улс Украинд үзүүлэх дэмжлэгээ илэрхийлж, Оросыг нэн даруй, бүрэн гал зогсоохыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргав.

Хамтарсан мэдэгдлийг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас, Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар Нью-Йорк хотноо танилцуулжээ.

Тус мэдэгдэлд 51 улс Украиныг Оросын түрэмгийллийн эсрэг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлээд, Киев 2025 оны гуравдугаар сард бүрэн, нэн даруй, болзолгүй гал зогсоохыг зөвшөөрсөн боловч Оросын тал одоогоор үүнтэй адил алхам хийгээгүйг онцолжээ. Тиймээс Оросыг мөн адил гал зогсоохыг уриалсан байна.

 

Мөн Оросоос хууль бусаар саатуулагдсан, хүчээр шилжүүлсэн болон албадан гаргасан Украины энгийн иргэдийг нэн даруй, аюулгүйгээр эх оронд нь буцаахыг шаардав. 

Мөн үүнд хүүхдүүдийн асуудлыг онцгойлон дурджээ. Украины Хүний эрхийн комиссар Дмитрий Лубинецийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Украины 707 хүүхэд амиа алдаж, 2,548 хүүхэд шархадсан байна. Мөн 2,318 гаруй хүүхэд албан ёсоор сураггүй алга болсонд бүртгэгджээ.

Гэхдээ Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт нэвтрэх боломж хязгаарлагдмал тул хохирогчид болон албадан шилжүүлэгдсэн хүүхдүүдийн бодит тоо үүнээс өндөр байж болзошгүй гэв. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Москвагийн механизмын хүрээнд ажилласан бие даасан шинжээчид долдугаар сард танилцуулсан үнэлгээндээ Оросын тал Украины хүүхдүүдэд дарамт шахалт, албадлага болон хүчирхийллийн бусад хэлбэр ашигласан гэх дүгнэлт гаргасан байна.

Дипломат уулзалтууд үргэлжилж байх үед мягмар гарагт буюу есдүгээр сарын 22-нд Украин Оросын шинэ цохилтуудад өртжээ. Украины талын мэдээлснээр, Оросын цохилтын улмаас дор хаяж хоёр хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан байна. Мөн Киев болон Украины бусад хотод иргэний дэд бүтэц, мэдээллийн төвүүд, оюутнууд цуглардаг барилга байгууламжууд өртсөн билээ. 

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха халдлагуудыг буруушааж, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах, Украины агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн чадавхыг нэмэгдүүлэхийг уриалжээ.

“Эдгээр халдлага шинэ хэвийн зүйл болох ёсгүй” гэж Сибиха мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Европын Холбоо Оросын эсрэг одоо мөрдөж буй хориг арга хэмжээг дахин гурван жилээр сунгасан байна.

Хамтарсан мэдэгдэлд Хар тэнгисийн нөхцөл байдал болон Украины үр тарианы экспортын асуудлыг мөн онцолжээ. 51 улс Оросыг Украины үр тарианы экспортод саад учруулахыг оролдож байна гэж буруутган, Хар тэнгис дэх тогтворгүй байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Тэд далайн тээврийн эрх чөлөөг хамгаалах, худалдааны усан зам болон тээврийн дэд бүтцийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын Крымын платформын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, хэрэв Орос хурцадмал байдлыг бууруулах чиглэлээр бодитой, харилцан алхам хийвэл Украин Хар тэнгист хөлөг онгоцнуудын аюулгүй нэвтрэх нөхцөлийг дэмжихэд бэлэн гэж мэдэгдсэн байна.

Мөн Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтыг зогсоох талаар санал солилцсон байна.

Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа ч цэргийн ажиллагаа мөн үргэлжилсээр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.