dobu.mndobu

“Түгжил”-үүдийн гомдол төрийн ажлыг гацаав

“Түгжил”-үүдийн гомдол төрийн ажлыг гацаав

Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа нарын гишүүдийг “Монгол төрийн түгжил” хэмээн хэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланг тойрон хүрээлэгчдэд таалагдсангүй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Монгол Улсын Их хуралд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдэд “Үг хөөхөөр үхэр хөө” гээд хэлмээр санагдав. Нэг л их эх орондоо хайртай болж жүжиглэсэн, нэр хүнддээ жигтэйхэн харам хүмүүсийн хувьд үнэн үгтэй санал нэгдэж чадалгүй долоо хоног парламентын үйл ажиллагааг тасалдуулсан. УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос эхлээд өөрсдөөс нь уучлалт гуйвал чуулгандаа сууна гэж томров. Үнэндээ ард түмэн нь үнэлэхгүй, үзэн ядаж байхад улс төрчид өөрсдийнхөө нэр хүндэд жигтэйхэн хайртай байгаа нь жинхэнэ ард түмэндээ таалагдсангүй.

УИХ-ын гишүүн хүн өөрт нь таалагдаагүй үг сонссоныхоо төлөө парламентын ажлыг зогсоох эрхтэй юу гэдгийг асуумаар байна. Тэдэнд уучлал хүсэх эрх бий, гомдох эрх бий, нэр төрөө хамгаалах эрх бий. Харин төрийн ажлыг гацаах эрх хэнд нь ч байхгүй гэдгийг сануулъя. Парламент бол улс төрчдийн хувийн гомдлоо тайлдаг газар биш.

“Админерал”-ын асуудлаас болж УИХ-ын даргын сэнтийгээсээ буусан Д.Амарбаясгалан хүртэл төрийн түгжил болж “Чуулгандаа хэзээ суух вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “суухгүй” хэмээн хариулав. Монгол төрийг тэд ингэж л эзэгнэж, ингэж л дээрэлхэж байна. Өчүүхэн эрх ашиг, нэр хүндээсээ болж тэд Төсвийн тодотголоор батлах ёстой 435 мянган ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг гацааж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах санхүүжилтийг “түгжил”-дэв. Үүнийг л түгжил гэхгүй юм бол өөр юуг тэд түгжил гэж хэлүүлэх гээд байсан юм бол.

Улс төрч бүр нэр хүндтэй байхыг хүсдэг. Гэхдээ улс төрийн албан тушаал гэдэг нэр хүндийн шагнал биш, нийтийн итгэл дээр хүлээсэн хариуцлага гэдгийг ойлгож байгаа “түгжил” алга. УИХ-ын гишүүн өөрийн нэр хүндийг хамгаалахдаа төрийн институцийн нэр хүндийг хохироож болохгүй. Төрийн үйл ажиллагаа хувь хүний сэтгэл хөдлөлөөр хэмжигдэж, гацах ёсгүй.

Тэдний эрх ашгийн эрэмбийн эхэнд бүлэг, фракцын гомдол, нулимс байдаг бололтой. Араас нь бусад эрх ашгууд эрэмбэлэгддэг гэдгээ харуулсан. Эцэст нь “Монгол төрийн түгжил”-үүдэд хандаж хэлэхэд төрийн ажил та нарын өчүүхэн эрх ашгаас хавь илүү том гэдгийг хэлье.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.