dobu.mndobu

Украин Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлжээ

Украин Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлжээ

ОХУ-ын Курск мужид олзолсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгджээ.

Тэрбээр “Саяхан бид Хойд Солонгосын хоёр олзлогдсон цэргийг Бүгд Найрамдах Солонгос Улсад шилжүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Гэвч цэргүүдийг яг хэзээ, ямар замаар шилжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Украины Ерөнхийлөгчийн мэдэгдлийг үгүйсгээгүй боловч шилжүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Учир нь цэргүүдийн аюулгүй байдал болон ар гэрийнхнийг хамгаалах шаардлагатай гэж тайлбарласан байна.

Украины цэргийн алба хаагчид дээрх хоёр цэргийг 2025 оны нэгдүгээр сард ОХУ-ын Курск мужид олзолсон юм. Тэднийг Хойд Солонгос ОХУ-д цэргээ илгээж эхэлснээс хойш Украины талд олзлогдсон анхны хойд солонгос цэргүүд гэж мэдээлж байсан.

Зеленский өмнө нь эдгээр цэргийг Хойд Солонгост буцаахын оронд ОХУ-д олзлогдсон Украины цэргүүдтэй солилцох боломжтой гэж мэдэгдэж байв. Харин хүний эрхийн байгууллагууд Хойд Солонгост буцаасан тохиолдолд тэд шийтгэл хүлээх эрсдэлтэй гэж үзэн Өмнөд Солонгост шилжүүлэхийг уриалж байсан юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, олзлогдсон хоёр цэрэг Өмнөд Солонгост очих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Украин болон Өмнөд Солонгосын тооцоолсноор Хойд Солонгос 2024 оноос хойш ОХУ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор Украины дайнд оролцуулахаар ойролцоогоор 15 мянган цэрэг илгээсэн байна. Тэдний ихэнх нь Курск мужийн орчимд байрлаж байжээ. 

Хойд Солонгосын олзлогдсон цэргүүдийн асуудлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар өнгөрсөн долдугаар сард Туркийн Анкара хотод уулзах үеэр хэлэлцжээ. Хоёр тал уг асуудлыг олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн зарчимд нийцүүлэн, цэргүүдийн өөрсдийн хүсэл зоригийг хүндэтгэн шийдвэрлэхээр тохиролцсон аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.