dobu.mndobu

Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав

Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав

2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов. 

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокуророос гаргасан санал, хэргийн дүгнэлттэй холбоотой зарим асуудлыг хөндөж, шинжээчдийн багийг дахин томилон дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Тодруулбал, прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100 болон 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзжээ. Мөн гал гарсан шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс болсон эсэх, эсхүл гаднын нөлөөтэй байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй байхад иргэнийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай гэж тайлбарласан байна.

Харин шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн материалд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай хэд хэдэн нөхцөл байдал байгааг тогтоожээ.

Тухайлбал, дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207 дугаар байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна гэж шүүх үзсэн байна.

Мөн тус шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй болохыг тогтоожээ.

Үүнд гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхтэй холбоотой шаардлагатай ажиллагааг бүрэн явуулаагүй асуудал багтжээ.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн байна.

Улмаар Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг шүүхээс гаргалаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.