0

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 2026 оны MTV хөгжмийн видео шагнал гардуулах ёслолоос “SWIM” дуугаараа Оны шилдэг дуу шагналыг хүртлээ.
Тус хамтлаг энэ жилийн шагнал гардуулах ёслолд оролцоогүй ч нэр дэвшсэн гурван төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулж, Шилдэг К-поп уран бүтээлч, Шилдэг хамтлаг, Оны шилдэг дуу гэсэн шагналуудыг хүртсэн байна.
“Шилдэг хамтлаг” төрөлд энэ нь BTS-ийн тав дахь удаагийн ялалт болжээ. Тэд өмнө нь 2019-2022 онд дөрвөн жил дараалан уг шагналыг хүртэж байсан бөгөөд тус төрөлд хамгийн олон удаа шагнал хүртсэн хамтлаг болж байна.
Хамтлагийн зүгээс шагналын дараа гаргасан мэдэгдэлдээ үнэнч дэмжигчид болох “ARMY”-даа талархал илэрхийлжээ. Мөн “ARIRANG” цомог нь хамтлагийн хувьд шинэ эхлэл болж байгаа тул энэхүү шагнал онцгой утга учиртай болохыг онцолсон байна.
“SWIM” дуу нь BTS-ийн тав дахь студийн цомог болох “ARIRANG”-ийн гол дуу юм. Тус бүтээл гуравдугаар сард гарсан даруйдаа АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, Их Британийн дууны жагсаалтад хоёрдугаарт бичигджээ. Мөн хөгжмийн цахим платформын дэлхийн өдөр тутмын шилдэг дууны жагсаалтыг 25 хоног дараалан тэргүүлсэн байна.
“SWIM” дуу нь Мадонна, Сабрина Карпентер нарын “Bring Your Love”, RAYE-ийн “WHERE IS MY HUSBAND!”, Элла Ланглигийн “Choosin’ Texas”, мөн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны “Golden” зэрэг бүтээлүүдтэй өрсөлдсөн байна.
Ингэснээр BTS нь “Оны шилдэг дуу” шагналыг хүртсэн Азийн хоёр дахь уран бүтээлч болжээ. Өнгөрсөн жил BLACKPINK хамтлагийн Розе Бруно Марстай хамтран дуулсан “APT.” дуугаараа уг шагналыг хүртсэн юм.
Мөн энэ жилийн шагнал гардуулах ёслолоор BLACKPINK хамтлагийн Лиса “Dream” дуугаараа Шилдэг поп уран бүтээлч шагналыг хүртэж, уг төрөлд ялалт байгуулсан анхны Азийн соло уран бүтээлч болжээ.
BTS 2019 онд анх нэр дэвшсэнээсээ хойш MTV хөгжмийн видео шагнал гардуулах ёслолоос арав гаруй шагнал хүртээд байна. Тус хамтлаг 2020 онд “ON” дуугаараа Шилдэг поп уран бүтээлч шагналыг хүртсэн анхны Азийн уран бүтээлч болж байсан юм.
BTS гуравдугаар сард дөрвөн жилийн орчим завсарласны эцэст долоон гишүүний бүрэлдэхүүнээр эргэн нэгдсэн. Тус хамтлаг одоо “BTS WORLD TOUR ‘ARIRANG’” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ долоо хоногт Колумбын Богота хотод тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Үүний дараа Перугийн Лима, Чилийн Сантьяго, Аргентины Буэнос-Айрес, Бразилын Сан-Паулу хотуудад нийт 14 тоглолт хийх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.