0

За даа, эрх баригчдын зовлон эрх баригчид өөрсдөө болсоор удлаа. Улс орны хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьдрал тэдэнд огт хамаагүй. Өчүүхэн эрх ашиг, албан тушаалын тохироо, толхилцоо нь өнөөдрийн улс төрийн хямралыг өрдөж байна.
Гадаад улс оронд өрнөж буй геополитикийн асуудал, дайн тулааны хурцадмал байдлаас үүдэлтэй бензин шатахууны хомсдол, хүнсний хангамж, ахмадын тэтгэвэр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдэл, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахаас эхлээд МАН-ынханд уг нь зовлон их л байгаа. Гэсэн ч энэ бүхнээс илүү фракциуд тэр дундаа ганц хоёр хүний эрх ашиг нэн тэргүүнд тавигдах болсон.
Саяхан л бид улсаараа нүүрсний хулгай гээд бөөн хэрүүл, хараал болсон. АТГ баахан нэрс зарлаад сүржигнээгүй юу. Нүүрсэнд нэр холбогдсон гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2023 оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзан шалгуулахаар болсон. Энэ нь улс төрийн хариуцлагын жишиг болон үлдэж байв. Мэдээж тэрбээр бүрэн эрхээсээ татгалзсан нь гэм буруутай гэсэн үг биш. Харин өөртэй нь холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгуулахад бүрэн эрхээрээ халхавчилж, тэдний үйл ажиллагаанд саад учруулахгүй байх маш том боломжийг өөрөө нээсэн гэсэн үг. Нөгөө талаасаа албан тушаалтны ёс зүй, олон нийтийн итгэлийг авч үлдэх улстөрчийн үйлдэл байсан биз.
Хэн нэгний амаар биш хуулийн байгууллагаар үнэн зөвөө тогтоолгохоор бүрэн эрхээсээ татгалзсан Ж.Мөнхбатын араас бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах олон ч гишүүд байна. Тухайлбал, нүүрсний сонсголоор тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Бортээгийн орд, “Админерал” ХХК, “МТАС” түншлэлтэй холбоотойгоор 404 их наядын нүүрсний хулгайтай холбоотой асуудал нүүрсний сонсголоор хөндөгдөж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Админералтай холбоотой хүн амины хэргийн сэжүүрийг хүртэл хэвлэлийнхэнд ярьж байсан удаатай.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүү, бэрийнхээ тансаг хэрэглээний асуудлаас болж огцорч, Хятадын төрийн өмчит Чайна Энержи компанитай маш бага үнийн дүнгээр гэрээ байгуулсан зэрэг хэд хэдэн асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой талаар иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан өнөөдөр ч шүүмжлэн ярьж байна.
Гэх мэтчилэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой их хэмжээний мөнгөний асуудал яригддаг ч өнөөдөр хуулийн байгууллагаар шийдсэн зүйл алга.
Тэд харин ч эсрэгээрээ улсаа хорлох хэмжээний улс төрийн бойкот хийж, гацаагч нар болчихсон байна. Эрх мэдэл албан тушаалыг хашиж болсон юм бол Ж.Мөнхбат найз шигээ бүрэн эрхээсээ татгалзан шалгуул. Яригдсан бүхэн худлаа бол нэр цэвэр улс төрдөө ороод ир.
Цалгих цагтаа ямбаа эдэлсэн бол эргэлзсэн ард түмнийхээ эргэлзээг тайлж харуулах эр зоригийг чинь ард түмэн хүлээж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.