dobu.mndobu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа.

Хүн төрөлхтний соёлын үнэт өв Орхоны хөндий, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын ариун гал голомтыг сахин суугаа Хархорин сумын иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч хэлэв.   

Хархорум хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилгатай оролцож буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний дотор Хархорин сумынханд талархал илэрхийллээ.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэргийн талаар танилцуулав.  

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсан хамтын хичээл зүтгэлийн үр дүн байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг  онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 хүнсний үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсныг дурдав.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.

Мөн орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалав. 

Хархорин сумын төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” үндэсний хөдөлгөөнийг дэмжин,  идэвхтэй оролцож байгааг Засаг дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.  

Тухайлбал, 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 мянга орчим мод тарьж, ургуулсан байна. Мөн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барьж, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж  байгаа зэргийг танилцуулав.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу  бүтээн байгуулалт нь ид өрнөж байгаад Хархорин сумын иргэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.