dobu.mndobu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Монгол Улсын баатар Л.Аюушийн нэрэмжит талбайд хүрэлцэн ирэхэд Өвөрхангай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч, монгол түмний төрт ёсны ариун гал голомт, хангай, хээр, говь хосолсон Өвөрхангай аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Өвөрхангай аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон.

Өвөрхангай аймгийн 51 аж ахуйн нэгж 5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, хүчин чадлаа сайжруулан, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, олон арван ажлын байр бий болгожээ.

Аймгийн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 2022 онд 25 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 28 тэрбум төгрөг давсан байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд манай улсын самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.

Өвөрхангай аймгийн ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд сүүлийн 4 жилд 9 мянган тн ноос, 500 тн ноолуур угааж, 600 мянган богийн арьс, 62 мянган үхрийн шир боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сая гаруй мод тарьж, ургуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн бөгөөд Мод үржүүлгийн 22 газар 7 сая тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай болсон байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хувийн хэвшил, байгаль орчин зэрэг салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлагууд хэллээ.

Мөн эв нэгдлийг эрхэмлэх, төрт ёс, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдлэх бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж байдгаа илэрхийлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Өвөрхангай аймгийнх юм.

Тэдний нэг болох Э.Мөнхжаргал Польш Улсад суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх ёстой гэж үздэгээ онцлов. Иймээс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр аймгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалав.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.