dobu.mndobu

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний бороо орж, хоёр хүн амиа алджээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний бороо орж, хоёр хүн амиа алджээ

Туркийн Истанбул хотод сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, хоёр хүн амиа алджээ. 

Амиа алдсан хүмүүсийн нэг нь 14 настай хүү бөгөөд ус тогтсон хэсгээр явахдаа цахилгаанд цохиулсан байна. Харин 34 настай эрэгтэй зам хөндлөн гарах үедээ хальтирч унан, толгойгоо явган хүний замын хашлагад цохисны улмаас нас баржээ.

Хотын орлогч дарга Нури Аслангийн мэдээлснээр, үерт боогдсон 595 хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 8,000 гаруй ажилтан үерийн нөхцөл байдалтай тэмцэж байна. Зарим дүүрэгт автомашинууд усанд автаж, замын хэсгүүд нурж, голын ус эргээсээ хальжээ.

Истанбул хотын захирагч Давут Гүл иргэдийг зайлшгүй шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Мөн шөнийн цагаар хүчтэй аадар бороо, шуурга үргэлжлэх төлөвтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Тус улсын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Истанбулын зарим хэсэгт орсон хур тунадасны хэмжээ жилийн дундаж хур тунадасны долооны нэгтэй тэнцсэн байна. Бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул пүрэв, баасан гарагт сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Үерийн улмаас нислэгийн хөдөлгөөнд ч саад учирсан байна. BBC Turkish-ийн мэдээлснээр, Истанбулын нисэх буудлуудад 46 онгоц газардаж чадаагүй аж. Мөн Сарыер дүүргийн худалдааны төвийн автомашины зогсоол усанд автаж, олон тээврийн хэрэгсэл живсэн байна.

Үүнээс гадна иргэдийг хувийн автомашины оронд нийтийн тээврээр зорчихыг зөвлөж, метроны ажиллах цагийг орон нутгийн цагаар 02:00 цаг хүртэл сунгажээ.

Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон ахмад дайчин төрийн албан хаагчдад пүрэв гарагт захиргааны чөлөө олгохоор болсон байна. Харин эрүүл мэнд, аюулгүй байдал болон борооны ус зайлуулах чиглэлээр ажилладаг албан хаагчид уг зохицуулалтад хамаарахгүй аж. Мөн найман нас хүрээгүй хүүхэдтэй төрийн байгууллагын эмэгтэй ажилтнуудад чөлөө олгохоор болжээ.

Истанбул хотын өргөн хүрээний метрополитан бүсэд 16 сая гаруй хүн амьдардаг бөгөөд Туркийн Дотоод хэргийн яам бусад хэд хэдэн мужид ч гэнэтийн үер буух эрсдэлтэйг анхааруулсан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.